
“Архичин”, “Өвгөнт” гэдэг нэр зүүсэн хүмүүс хаанаас гараад ирэв? Харь гаригаас уу? Алс холын нутгаас уу? Харамсалтай нь үгүй тэд бидний л нэг байсан, зарим нь бүр биднээс ч илүү удам угсаатай, эрдэм мэдлэгтэй, эд баялагтай байсан.
Тиймээ тэд одоо хэнд ч хэрэггүй хүн – хог болж үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд нь бүгд жигшиж, ичин зугтсан. Тэдний хэн нь ч ийм амьдралтай болчихно гэж бодох нь битгий хэл зүүдлээгүй.
Бусадтай адил тохируулан ууж байна, ганцаараа уудаг, хэзээ ч архичин болохгүй, архийг хайж уудаггүй, найз нөхөдтэйгээ л уудаг, ажил бүтээх гэж, бухимдал гомдол шаналлаа арилгах гэж, сэтгэл санаагаа сэргээж, зовлонгоо мартах гэж, нойроо хүргэх гэж, өвчнөө намдаах гэж, жаргаж, тансаглаж, дэгжирхэх гэж, зөвхөн пиво, вино л уудаг, агсам согтуу тавихгүй дуугай л унтаад өгдөг, амьдрал ажлаа хэзээ ч алдахгүй бүхнийг зохицуулан хааяа нэг уудаг, би хэдэн сараар ч огт амсахгүй явж чадна, хааяа л 2-3 хоногоор уудаг гэх мэт үг өгүүлбэрээр л архинд донтох өвчин бий болж эхэлдэг.
Дараа нь одоо л дахиж уухаа больё, маргааш л бүх зүйл сайхан болно, архинаас гарна гэж тангараглаж амлалтууд өгдөг ч хэзээ ч хүрдэггүй. Маргааш нь дахиад л уучихаад харамсан гэмшинэ, өөрийгөө зүхнэ. Өрөөлийг уруу татлаа гэж загниж зүхнэ.

Би ч гайгүй Доржийг бодоход гэж харьцуулан, бүгд л уудаг шүү дээ гэж архидалтаа зөвтгөнө. Шартана, шараа архи пивоор тайлдаг болно. Өөрийгөө болон бусдыг хүндэтгэхээ больж, хариуцлага алдах нь улам олширно.
Ой тогтоолт муудаж, амархан мартах, сэтгэх чадвар алдагдана. Худал ярьж, хулгай хийх зэрэг ёс суртахуйнгүй үйлдэл хийж, өөртөө арчаагүй болж эхэлнэ. Архидан согтуурахаас шалтгаалан элэг, зүрх, нойр булчирхай гэх мэт бусад эрхтэний үйл ажиллагаа хямран муудаж, нойргүйтнэ.
Архидалт ихсэх тусам ашигтай боломжуудаа алдан, ажилгүй болж, эдийн засгийн хямрал нүүрлэнэ. Согтуурах тусам архийг хэтрүүлэн хэрэглэдэг найз нөхдийг тоо олширно. Архидалттай холбоотой үйл явдлыг (баяр, зугаалга, баасан гариг гэх мэт) догдлон хүлээнэ.
Ингэж л энэ өвчин бий болдог. Эцсийн шат нь өвгөнтийнхний дүр төрх. Гэхдээ архины хамааралтай хүмүүсийн дийлэнх хувь нь эцсийн шатандаа хүрэлгүй бие эрхтэний хүндрэл, золгүй, гэнэтийн үхлээр амьдралаа дуусгадаг.
Сэтгэл зүйч Н. Дэмидмаа (Ph.D)
Холбоо барих: 99109698, 99008792
СЭТГЭГДЭЛ БИЧИХ