
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтон Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт захидал ирүүлжээ. Тэрбээр захидалдаа "Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг амжилттай даргалж байгаад талархаж байна" гээд "Танай улсын явуулж буй ажиллагаа олон оронд урам дэм үзүүлж, дэмжлэг туслалцаа болж байна гэжээ.
Мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг нь дэлхий дахинаа ардчиллыг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолж, АНУ нь энэ байгууллагыг амжилттай хөгжүүлэхийн төлөө байж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Хатагтай Клинтон АОХН-ийн хүрээнд хийгдэж буй шинэчлэлийн үйл явцыг дүгнэхдээ "АНУ тус байгууллагын үйл хэрэг сүүлийн хоёр жилд илтэд сэргэж байгааг харахад урамтай байна” гэжээ.
Дашрамд дурдахад, Манай улс АОХН-ийн даргын албыг өнгөрсөн жилээс хашиж байгаа бөгөөд энэ хугацаанд түүний Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хороог үүсгэн байгуулж, саявтар Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгон томилох ажлыг амжилттай зохион байгуулсан юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ