
Бид энэ оны арванхоёрдугаар сарын сүүлийн өдөр гэхэд Тогтворжуулалтын сандаа 542 тэрбум төгрөгтэй сууж байж мэднэ. Гэхдээ 322.4 тэрбум төгрөг нэмээд хуримтлуулж чадсан тохиолдолд. Ер нь бол тэгээд хуульчилчихсан тул гажих ёсгүй гэж ойлгогдож байгаа ч, бидний дураар нөөцлөгдөөд байдаг ч эд биш л дээ. Учир нь дэлхийн зах зээл дээрх түүхий эд тэрдундаа зэс, нүүрсний ханшийн хөдөлгөөнөөс тухайлан хамаарна. Хэдийгээр найман оны хямралын үетэй харьцуулахад манай улсын төсвийн орлого зэсээс хэт хамаарсан байдлаасаа ангижирч, нүүрсний экспорт зэсийнхээс 20 гаруй хувиар илүү гараад байгаа ч, эдийн засаг дахь зэсийн орлогын үлэмж нөлөөлөл хэвээрээ байна.
Монголын нэрээр дэлхийд гарч байгаа зэсийн үйлдвэрлэлийг эрхлэгч Эрдэнэт үйлдвэр ДНБ-ий 20 хувийг хийж байгаа нь ч үүний илэрхийлэл. Цаашлаад Оюутолгой төслийн үйлдвэрлэл эхлэхэд, манай эдийн засгийн зэсээс хамаарах хамаарал улам нэмэгдэнэ. Дэлхийн зах зээл дээрх ханшийн хэлбэлзэлд нь улам л уягдана гэсэн үг. Тэрчлэн Европын орнуудын эдийн засгийн таагүй нөхцөл байдлуудтай холбоотойгоор түүхий эдүүдийн ерөнхий багц ханш 25 хувиар унаж болзошгүй байгаа тухай ОУВС-аас сануулж байгаа. Энэ нь сүүлийн хоёр жилийн хугацаанд төсвийн хэт тэлсэн бодлого барьж байгаа манай тухайд зарцуулалтаа хяна, үнэн зөвөөр хурааж хадгал, хямарлаа гэхэд нөөцтэй бай гэсэн агуулгатай юм.
Манай улстөрчид энэ оны улсын төсөвт тонн зэсийн тэнцвэржүүлсэн үнийг өмнөх 2011 оныхоос илүү өндрөөр тогтоож өгсөн байгаа. Ханшийн хэлбэлзэл нь харьцангуй гайгүй байсан өнгөрөгч онд улсын төсөвт тонн зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 5,983.1 ам.доллараар тооцон оруулж байсан. Харин энэ онд 6663.5 ам.доллараар тооцож тусгасан. Тодорхой хэлбэл, энэ хэмжээнээс илүү гарч борлогдоод байвал зөрүү нь Тогтворжуулалтын санд орно гэсэн үг. Мэдээж дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал эрсдэлтэй, металлуудын ханш савлагаатай байж мэдэхээр байхад тэнцвэржүүлсэн үнийн босгыг өндөрсгөсөн нь улстөрчид өмнөх оныхоос 2 их наядаар илүү зарлагатай, данхар төсөв баталсантай нь холбоотой биз ээ.
Яахав, өнөөдрийн тухайд бол зэсийн ханш боломжийн байна. Дэлхийн зах зээл дээр тонн зэсийн ханш 8400 ам долларыг давсан үзүүлэлттэй байгааг Bloomberg дамжуулж байгаа юм. Эл улаан өнгөт металлын ханш өнгөрөгч болоод тэрний өмнөх долоо хоногт 8200-8300 ам.долларын хооронд хэлбэлзэж байсныг эрхэм та санаж буй байх. Ерөнхийдөө Испани, Герман зэрэг Европын орнуудаас эдийн засгийн чимэгтэй мэдээллүүд зах зээлд ирсэн нь, Америкийн томоохон компаниудын оны нэгдүгээр улирлын борлуулалт хүлээгдэж байснаас өндөр гарсан нь, мөн Rio Tinto группийн оны эхний улирлын үйлдвэрлэл шинжээчдийн таамаглаж байснаас бага гарсан зэрэг хүчин зүйлүүд нь зэсийн ханшийг ногооноор тэмдэглэгдэхэд нөлөөлсөн. Хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлсэн гэж хэлж болно.
Ер нь бол зэсийн ханш харьцангуй өсөлттэй байдаг сар дуусч байна. Тавдугаар сард ч харьцангуй өсөлттэй байдаг гэж шинжээчид тайлбарладаг. Учир нь зэсийн гол хэрэглэгч манай Өмнөд хөрш БНХАУ нь Цагаан сарын баярын дараачаас эхлэн зэсийн худалдан авалтаа нэмэгдүүлдэг нь чухал хүчин зүйл. Мөн дээрээс нь Америк, Европ орнуудын санхүүгийн нөхцөл байдал дажгүй бол зэсийн ханш зүдрэхгүй урагшлаад байж болохоор. Тэрчлэн гурав, дөрөвдүгээр сард Хятад, Америкийн эдийн засаг, үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотой таатай мэдээллүүд гарч байсан нь, эл металлын ханшийг харьцангуй тогтвортой байхад шууд нөлөөлж байв.
Тэгэхээр өнгөрөгч оны сүүлийн улиралд Европоос ирж байсан таагүй мэдээллүүдтэй холбоотойгоор, бас Америкийн үйлдвэрлэлийн хумигдалттай холбоотойгоор 7000 ам.доллараас уруудаад байсан зэсийн ханш энэ оны эхний 4 сарын байдлаар 8000 ам.доллараас уруудалгүй яваад байгаа нь таатай юм.
Ингээд, дэлхийн зах зээл дээрх зэсийн ханшийн ерөнхий хандлагыг арав, арваннэгэн оны нөхцөл байдалтай харьцуулан хүргэхэд:
2010 онд зэсийн дундаж үнэ 7539,32 ам.доллар байсан бол 2011 онд жилийн дундаж үнэ 8810,9 ам.долларт хүрч 16,8 хувиар нэмэгдсэн. Өнгөрөгч оны 2 сарын 7-нд Лондонгийн Металлын бирж дээр зэсийн үнэ 10145 ам.долларт хүрч үнийн дээд амжилт тогтоосон юм. Харин дөрөв, тавдугаар сард Лондон болон Шанхайн металлын бирж дээр зэсийн үнэ буурсан шалтгаан нь өмнөд хөршийн инфляцийн өсөлтийн мэдээ болон ам.долларын ханшийн чангаралттай холбоотой байсан.

Тухайн үед Хятад улсын зээлийн бодлого чанга байснаас гадна зэсийн ханш улам өсөлтийг үзүүлэх хандлагатай байсан нь тус улсын зэс худалдан авагчдын зүгээс эрэлтээ хумихад хүргэсэн юм. Харин зургадугаар сарын сүүлчээс Лондонгийн Металлын Бирж дэхь зэсийн нөөц 462000 тн болж багассан бөгөөд ханш нь 9650 ам.доллараар хэмжигдэж байсан. Наймдугаар сараас зэсийн үнэ тогтмол буурч дөрөвдүгээр улирлын дундаж үнэ 7489 ам.доллар болсон нь өмнөх улирлын дундаж үнэтэй харьцуулахад 16,8 хувиар буурсан үзүүлэлт юм. Ийнхүү зэсийн ханш уруудахад дэлхийн зэсийн хэрэглээний 19 хувийг бий болгодог Европын хэд хэдэн улсуудын өрийн хямрал шууд нөлөөлсөн. Ес, аравдугаар сард зэсийн борлуулалт хэвийн бус байдалд орсон юм. Мэдээж зэсийн гол хэрэглэгч Хятад, АНУ-аас ирж байгаа мэдээллүүд саарал байсан нь том нөлөөлсөн.
Иймэрхүү байдалтай байсан зэсийн хэрэглээний нийт өсөлт арваннэгэн онд 3,7 хувиар хэмжигдэж байсан бол 2012 онд 2,7 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцооллыг эдийн засагчид хийгээд байна. Ерөнхийдөө зэсийн хэрэглээ 2009-2010 оных шиг хурдтай нэмэгдэхгүй төлөвтэй. Учир нь эсийн нийлүүлэлт нилээд хоцорч байгаа бөгөөд энэ онд зэсийн зах зээл дээр хомсдол үүсэх магадлалтай байгаа аж.
Энэ он гарсаар нэгдүгээр сарын дундаж үнэ 8043 ам.доллар болж нэмэгдсэн бол 2 сарын 15-ны байдлаар дундаж үнэ нь 8447 ам.доллар болж нэмэгдсэн байгаа. Харин ингэж өсөхөд АНУ-ын Холбооны нөөцийн газрын дарга Ben Bernanke-ийн хийсэн мөнгөний зээлийн хүүг 2014 он хүртэл доод хэмжээнд байлгах мэдэгдэл, 12 сартай харьцуулахад АНУ дахь үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний захиалга нэмэгдэж байгаа байдал, Лондонгийн металлын биржийн нөөц буурч 315000 тн-д хүрсэн зэрэг шалтгаанууд нөлөөлж байсан. Энэ мэт байдал нь зэсийн ханш өсөх прогнозыг илтгэж буй бөгөөд сүүлийн мэдээгээр Лондоны металлын бирж дэх нөөц нь 251825 тонн байгаа нь, эрэлт их, нийлүүлэлт бага байгааг илтгэж байна.
Энэмэтчилэн харвал Европын нөхцөл байдал муудахгүй, засал аваад урагшилвал зэсийн ханшид их уналт нүүрлэхгүй байхаар хүлээлт байна. Гэсэн ч Тогтворжуулалтын сандаа хангалттай хэмжээний хуримтлал үүсэх хүртэл манай улс эрдэсийн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэлд их өртөмтгий байна гэдгийг олон улсын байгууллагууд анхааруулж байгаа билээ. Дэлхий найман оных шиг дахин хямарлаа гэхэд улс орнуудын давж гарах арга зам нь бас өөр. Тухайлбал, БНХАУ 2008-2009 оны хямралын үеэр дэд бүтцээ анхаарч эдийн засгаа дэмжиж бодлого авч хэрэгжүүлж байсан бол дэлхийн эдийн засгийн өсөлт буурч буй өнөө үед дахин ийм арга хэмжээ авахгүй байх магадлал өндөр байгааг ч сануулж буй юм. Тэгэхээр бидний хувьд зэс болоод бусад түүхий эдээс орж ирэх орлогодоо хямгатай хандаж, нөөцлөх нь чухал гэдгийг тэмдэглэхэд илүүц болохгүй болов уу.
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ