Архангай аймагт санхүүгийн шалгалт хийлээ

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Архангай аймгийн төрийн сан, Засаг даргын тамгын газар болон Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Замын сан, Орон нутгийн нөөц сан, Өмч хувьчлалын сан, Орон сууцны сангийн 2011 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалтыг хийжээ. Аймгийн нийт орлогын төлөвлөгөө 2011 онд 3190,3 сая төгрөгөөр батлагдсанаас гүйцэтгэлээр 3954,1 сая төгрөгт хүрч, төлөвлөгөөг 763,9 сая төгрөг буюу 23,9  хувиар давуулан биелүүлсэн байна. Мөн улсын төсвөөс 3068,4 сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэгдсэнээс дэмжлэгээ бүрэн авсан аж. 2011 онд нийт орлогын 3954,1 сая төгрөг буюу 56,3 хувийг татварын болон татварын бус орлого, 3068,4 сая төгрөг буюу 43,7 хувийг санхүүгийн дэмжлэг  тус тус  эзэлж байна. 2011 онд улсын төсвийн санхүүжилт 25884,4 сая төгрөг буюу 93.4 хувийг, үндсэн үйл ажиллагааны орлого 261,7 сая төгрөг буюу 0,9 хувийг, туслах үйл ажиллагааны орлого 43,8 төгрөг буюу 0.2 хувийг, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт 1528,0 сая  төгрөг  буюу 5,5  хувийг тус тус эзэлжээ. Шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн байна.  Тухайлбал, Эрдэнэмандал сумын ЗДТГ-ын барилга угсралтын ажлын 136200,0 мянган төгрөгийн гүйцэтгэлийг санхүүжүүлэхдээ “Стродормаш” ХХК-д олгосон санхүүжилтээс 2029,9 мянган төгрөгийн техник хяналтын зардлыг дутуу суутган шилжүүлсэн нь Засгийн Газрын 2009 оны 73 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга захиалагчийн дүрэм”-ийн 2.7-ыг зөрчсөнд төлүүлэхээр авахаар улсын байцаагчийн акт тогтоов. 31540,0 мянган төгрөгийн Мал эмнэлгийн барилгын засварын ажил гүйцэтгэсэн “Бибор” ХХК-д 618,5 мянган төгрөгийн, 30132,9 мянган төгрөгийн Цахир сумын хүн эмнэлгийн барилгын их засварын ажил гүйцэтгэсэн “Цагаан сүмбэр” ХХК-д 539,0 мянган төгрөгийн, 50000,0 мянган төгрөгийн Хүмүүн 2 дугаар сургуулийн гал тогооны барилгын ажил гүйцэтгэсэн “Гурван тамир” ХХК-д 925,0 мянган төгрөгийн, 285900,0 мянган төгрөгийн Батцэнгэл сумын спорт заалын барилгын ажил гүйцэтгэсэн “Алтанбулаг трейд” ХХК-д 6165,8 мянган төгрөгийн нийт 8248,3 мянган төгрөгийн магадлашгүй ажлын зардлыг гүйцэтгэлийн актгүйгээр санхүүжүүлсэн нь Барилгын тухай хуулийн 15.1.2-ыг зөрчсөнд төлүүлэн авахаар улсын байцаагчийн акт тогтоосон байна.   Мөн Малыг эрсдлээс хамгаалах санд нийт 22467.0 мянган төгрөгийг төвлөрүүлсэний 14382.0 мянган төгрөгийг Орон нутгийн төсвийн нөөц хөрөнгөнөөс, 8085.0 мянган төгрөгийг Авто замын сангаас тус тус төвлөрүүлсэн нь Монгол Улсын Авто замын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “Орон нутгийн авто замын санг тухайн аймаг нийслэлийн орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлах, хамгаалах, тохижуулах, мэргэжлийн хяналт тавихтай холбогдон гарах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна”, Монгол Улсын Засгийн Газрын 1998 оны 149 дүгээр тогтоолын 2.4-д “Авто замын сангийн хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэргүйгээр аливаа төсөл, арга хэмжээнд зарцуулах, зориулалтын бус зүйлийг санхүүжүүлэх, зээл хэлбэрээр олгох болон хандивлахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.  Замын сангийн хөрөнгөнөөс зориулалтын дагуу зарцуулаагүй 8085,0 мянган төгрөгийг Малыг эрсдлээс хамгаалах сангаас буцаан төвлөрүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоов.   Шалгалтын дүнгээр Архангай аймаг улсын төсвийн орлогын төлөвлөгөөг 74,3 сая төгрөгөөр буюу 15,2 хувиар, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 763,9 сая төгрөг буюу 23,9 хувиар давуулж төсвийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн байсан аж. Нийт 34028,9 сая төгрөгийн хөрөнгө зарцуулж, төсөвт зардлыг 392,0 сая төгрөгөөр хэмнэлтэй зарцуулсны дотор урсгал зардлыг 353,0 сая төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 39,0 сая төгрөгөөр тус тус хэмнэжээ. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын гүйцэтгэх хугацааг улирлын байдал, ажлын хэмжээ зэргийг харгалзан хийдэггүйгээс хугацаа хэтрэх асуудал багагүй гарсан аж.   Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын зарим ажлуудыг Засаг даргын захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо хангалтгүй зохион байгуулсан, үнэлгээний хороонд мэргэжлийн хүмүүсийн оруулаагүй, тухайн тендер шалгаруулалт шаардлагын хэмжээнд хүрч зохион байгуулагдаагүй, ажлын гүйцэтгэлийг хүлээн авах комисс хангалттай сайн ажиллаж чадаагүй нийтлэг зөрчил илэрсэн байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ