
Монголд цөлжилтийг сааруулах, ойжуулах ажлыг хэрэгжүүлж буй Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл ЗГХА Ойн газартай хамтран хот, амьдрах орчноо ногооруулан таатай орчин бүрдүүлэх зорилгоор мод тарих хөдөлгөөн өрнүүлж байна. 2007 оноос эхэлсэн уг төсөл Төв аймгийн Лүн сум, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 900 орчим га талбайд ойжуулалт хийгээд байгаа аж. 2016 он хүртэл 3000 га-д ойжуулалт хийхээр төлөвлөж, жил бүр мод үржүүлэг болон тарилт хийж буй. Үүний зэрэгцээ БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалт, хоёр орны эрдэмтдийн хамтарсан зөвлөл, ойн хортонтой тэмцэх, орон нутгийн иргэдэд сургалт зохион байгуулах, орон нутгийн иргэдэд орлого олох нөхцөл бүрдүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулдаг аж.
Өнгөрсөн жил Лүн, Даланзадгад сумдын иргэд, байгууллагуудад тарьц, суулгац хандивлаж байсан бол энэ жилээс нийслэл болон орон даяар албан байгууллага, сургуулиудад суулгац тараах хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Тодруулбал, Төв, Өмнөговь аймгуудаас гадна Улаанбаатар зэрэг хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр Ойн газартай хамтран энэ жил байгууллага, аж ахуйн нэгж, ЕБС, их дээд сургууль, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудад модны суулгац тарааж байна. Энэ хүрээнд хот суурин газар тарих 150 сая гаруй төгрөгийн үнэ бүхий 75 мянган ширхэг суулгацыг Ойн газарт хандивлалаа. Хандивлаж буй суулгацыг тус төслийг хэрэгжүүлэгч хоёр орны мод үржүүлгийн газарт үржүүлсэн аж.
Уг суулгацыг Улаанбаатар хотын мод тарих хүсэлтэй ЕБС, их дээд сургууль, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн тарилтын төлөвлөгөө, тарилтын бэлтгэл болон тарьсны дараах арчилгаа зэргийн бүрэн бэлэн болсон эсэхийг харгалзан суулгацыг тараах юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ