Оюутны спорт, урлагийн XV их наадам Архангайд болно

img

Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургууль, коллежийн хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан, багш нарын харилцан ойлголцол, туршлага солилцох, тухайн орон нутгийг танин мэдэх, оюутны авъяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, урлаг уран сайхан, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх, биеийн тамир спортын хөдөлгөөнд оюутан залуучуудыг өргөнөөр хамруулах зорилгоор 1997 оноос эхлэн баруун таван аймгийн оюутан залуучуудын санаачлагаар бүсийн их наадмыг жил бүр уламжлал болгон явуулж ирсэн. Харин 2011 оноос эхлэн энэхүү наадам нь улс эх орон даяар хүрээгээ тэлж орон нутгийн ИДС-ийг хамруулан оролцуулахаар болжээ. Орон нутгийн их, дээд сургуулийн оюутны спорт, урлагийн ХV дугаар их наадам нь 2012 оны 09 дүгээр сарын 28-30 ны өдрүүдэд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод зохиогдоно. Наадмын эрхийг 2011 оны 9 сард Ховд хотноо авчээ. Наадмын бэлтгэл ажлыг шалгах МОСХ-ны ажлын хэсэг 2012 оны 4 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Архангай аймгийн төвд ажиллав. Тэд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Ариунтуяа, БТСГ-ын дарга Ц.Нэргүйбаатар, МУБИС-ийн Архангай аймаг дах Багшийн сургуулийн захирал доктор Р.Нямцэрэн нартай уулзжээ. Мөн наадмын тэмцээн болох аймгийн БТСГ, БС, ЕБС-ийн 1 ба 2 дугаар сургууль, Цэнгэлдэх хүрээлэнгээр орж, тамирчид хооллох, байрлах газар, нээлт хаалтын ажиллагаа болох газруудаар орж танилцсан байна. Ажлын хэсгийн ахлагч МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нь тэмцээний ЗБКомиссын гишүүд, сургуулийн удирдлага, биеийн тамирын тэнхимийн хамт олонтой ажил хэргийн уулзалт, ярилцлага хийж, наадмын зааврыг эцэслэн батлажээ. Энэхүү их наадмын ерөнхий зохион байгууллагаар Монголын Оюутны Спортын Холбоо (МОСХ), МУБИС-ийн Архангай аймаг дах Багшийн сургуулийн захиргаа ажиллаж байна. Аймгийн ЗДТГазар, БТСГазар, БСГазар, Цагдаагийн хэлтэс, аймгийн ХДТеатрын удирдлагаас бүрдсэн Зохион Байгуулах Комисс (ЗБК) наадмын ажилд туслаж байгаа юм. Наадамд Архангай, Баян-Өлгий, Говь-алтай, Дорнод, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 10 гаруй аймгийн 20 орчим ИДС-ийн 400 оюутан тамирчид оролцох ба бүсийн хэмжээнд хамгийн том спортын бага “Универсиад” наадам  болно. Наадамд зөвхөн орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг ИДС-иуд оролцох ба Дархан, Эрдэнэт, Улаанбаатарын их дээд, сургуулиудыг оролцуулахгүй гэнэ. Наадам сагсан бөмбөг, волейбол, шатар, үндэсний бөх, ширээний теннис, модон бөмбөг 6 төрлөөр явагдах бол урлагийн наадам нь мэндчилгээ, гоцлол дуу, бүжиг, хөгжим, язгуур урлаг, оюутан мисс зэрэг 6 төрлөөр болно. Наадмын үеэр “Орон нутгийн их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутанд тулгамдаж буй зарим асуудал” эрдэм шинжилгээний их хурал, ректор, захирлуудын ажил хэргийн уулзалт, бүсийн ОСХ-ны хурал зэрэг зохиогдно. Мөн  уламжлалт 17-р их наадмыг 2014 онд зохион байгуулах аймгийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа хийгднэ. Дашрамд хэлэхэд 2013 оны их наадам Увс аймгийн “Хар Тэрмэстэй” амралтын газарт  болно. Жар гаруй жилийн түүхтэй МУБИС-ийн Архангай аймаг дах Багшийн сургууль дээр энэ оны 9 сард 960 оюутны суудалтай хичээлийн шинэ байр /биеийн тамирын заалтай/ ашиглалтанд орж нээлтээ хийнэ.                                                                        МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

СЭТГЭГДЭЛ БИЧИХ