
МХЕГ-ын даргын зөвлөл Орхон аймагт бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, тус аймаг дахь хууль тогтоомжийн хэрэгжилт болон аймгийн Засаг даргын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийн байдлаар хуралдлаа. Уг хуралд Орхон аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон Хангайн бүсийн зургаан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нар оролцов.
Орхон аймагт мэргэжлийн хяналтын байгуууллагаас өнгөрсөн онд 3861 аж ахуйн нэгж байгууллагад нийт 1445 хяналт шалгалтыг хийж, шалгалтын хүрээнд 178 акт, 195,9 сая төгрөгийн нөхөн төлбөр, 11,3 сая төгрөгийн торгууль шийтгэвэр тогтоон ажилласан аж. Хяналт шалгалтын дүнгээр ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах, архидан согтуурахтай тэмцэх, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих зэрэг хуулиудын хэрэгжилт хангалттай байжээ. Харин эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Хүнсний тухай хууль, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй хэмээн дүгнэгдсэн байна. Мөн дархлаажуулалтын тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль,
Хөдөлмөрийн тухай хууль,
Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл заалтын хэрэгжилт хангалтгүй байна гэж үзжээ.
Аймгийн ИТХ, Засаг дарга түүний тамгын газраас хийгдэх дотоодын хяналт шалгалт сул байгаагаас орон нутагт өмч эзэнгүйдэх, хөрөнгө үргүй зарцуулагдах, төсвийн орлого төвлөрүүлэлтийг тасалдуулах зэрэг зөрчил дутагдал гарсан байна. Орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын чанар, хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулахад орон нутгийн төр захиргааны байгууллага анхаарч хөрөнгө оруулагч, захиалагч байгууллагын албан хаагчдын мэдлэг, чадвар, хариуцлагыг дээшлүүлэх, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа хуульд заасан боломжит доод үнийн саналыг харгалзахаас гадна тухайн гүйцэтгэгчийн туршлага чадварыг тооцож ажиллах шаардлагатайг анхаарууллаа.
Хурлын үеэр хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний захуудын мал эмнэлгийн лабораториудыг бэхжүүлэх, тоног төхөөрөмж, эм урвалжийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгааг дуулгалаа. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч орон тоогоор ажилладаггүй, ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжид техникийн үзлэг, урсгал болон их засвар хийгддэггүй, техник ашиглалтын паспортод үзлэг тэмдэглэлгүй, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөгддөггүй зөрчил дутагдал их байгаа аж. Эмч, эмнэлгийн ажиллагсад, боловсролын салбарын багш боловсон хүчний мэргэжил мэдлэгийг сайжруулах шаардлагатай болсныг хуралд оролцогчид онцолж байв. Энэ үеэр мөн Хангайн бүсийн зургаан аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдүгээр улирлын тайланг хэлэлцэн дүгнэсэн аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ