Сурагчдаас “татвар” нэхсээр байх уу?

img

Хүүхдэд хамгийн ээлтэй газар боловсрол, сургалтын орчин байх ёстой. Тийм ч байсаар ирсэн нь дамжиггүй. Гэхдээ сурагчдаас мөнгө нэхэж, нэг ёсны дарамт үзүүлдэг байдал дунд сургуулиудад байсаар байгааг эцэг эхчүүд хэлж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн  “Шавь” цогцолбор сургууль багш нарын баярын өмнө хүүхэд нэг бүрээс 8000 төгрөг нэхдэг уламжлалтай аж.  Энэ жил ч мөн давтагдах янзтай байгааг эцэг эхчүүд хэллээ.  Мөн  5 дугаар анги төгсөж буй  хүүхэд бүрээс  батламжийн мөнгө гэж  6000 төгрөг хурааж эхлэхээр болсон нь эцэг эхчүүдийг багагүй бухимдуулаад байгаа аж.

Эцэг, эхчүүд  “Хуулиндаа суурь боловсролыг үнэгүй эзэмшүүлнэ гэж заасан мөртлөө, 800 төгрөгөөр хэвлүүлчих боломжтой батламжийн цаасыг олгохын тулд хүүхэд бүрээс 6000 төгрөг татаж буй нь ямар учиртай юм бол” гэж гайхаж байна.   Ер нь   “Шавь”  цогцолбор сургуулийн багш нар   1000,  3000 гэхчлэн юунд зарцуулах гэж буй нь тодорхойгүй  мөнгийг хүүхдүүдээс нэхэж эцэг эхчүүдийг буримдуулах байдал нэг хичээлийн жилд хэд хэдэн удаа давтагддаг гэдгийг хэлж байна.  Эцэг эхчүүдийн хувьд   хүүхэд нь сурч буй учраас,  нэхсэн мөнгийг нь  өгөхгүй бол эргээд  хүүхдэд нь л хэцүү гэж  бодсондоо   унд хоолныхоо мөнгөнөөс  илүү гаргаж  багш нарт нь “татвар” төлдөг гэдгээ хэлж байсан.

Ер нь мөнгө нэхэх нь багш нарын  бодлого юм уу,  эсвэл сургуулийн захиргааны  бодлого юм уу гэдгийг ойлгохгүй байгаагаа энэ мэдээллийг өгсөн эцэг эхчүүд хэлж байлаа. Тэд  сургуулийн удирдлагатай уулзаж тодруулж асуух гэсэн боловч,  маш их ажилтай учраас уулзах завгүй байна гэсэн хариултыг өгсөн гэж байна.

Ийм маягаар сурагчдаас мөнгө нэхэх явдал зөвхөн дээрх сургуульд ч байдаг юм биш.   Баянзүрх дүүргийн  нэг сургуулийн нийгмийн ажилтан мөнгө нэхсэн хэргээр  дүүрэг дээрээ дуудагдаж, сануулга авсан нь саяхан.

Монголчуудын олонхи нь   амьдралын төвшин сайнгүй байгаа энэ нийгэмд, ядарсан өрхийн хүүхдэд 6000 дээр нь нэмээд татдаг 1000, 3000 гэсэн мөнгөнүүд нэмэгдэхээр ихээхэн ачаа болдог нь ойлгомжтой.  Тэгэхээр, багшийнхаа нэхсэн мөнгийг өгөхгүй бол сургуульдаа явахгүй гэж, мөнгө нэхсэн багшаасаа зугатаж, сурч боловсрох эрхээ эдлэж чадахгүй байгаа хүүхдүүд цөөнгүй байна гэдгийг хэлэх нь зүйтэй биз.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ