
Обамагийн эдийн засгийн талаар авч хэрэгжүүлсэн бодлого зөв байсан гэж шинжээчид үзэж байна. Учир нь хямралын үед эрсдлийг үл хамааран шаардлагатай салбарт зоригтой хөрөнгө оруулж байсан АНУ-ын эдийн засаг сэргэж байна. Харин эсрэгээрээ төсвийн зарцуулалтаа багасгаж, эдийн засгийн хатуу бодлого явуулсан Европын улсуудын эдийн засаг хүнд хэвээр байна.
Бүгд Найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Митт Ромни Обаматай өрсөлдөх нь бараг тодорхой болсны дараа цагаан ордны тэргүүн сонгуулийн компанит ажилдаа орсон. Гэхдээ түүнийг буруу зүйлээр мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, нэрийн хуудсаа болгож байна гэж улс төр шинжээчид үзэж байна.
Учир нь тэрээр сая доллараас дээш орлоготой хүмүүсээс авах орлогын татварыг нэмэгдүүлнэ гэж амласан. Тэднээс авах татварын бүрдэлт ирэх 10 жилд 47 тэрбум доллар болох ч энэ хугацаанд Холбооны нөөц 47 триллион доллар зарцуулах болоод байгаа.
Өөрөөр хэлбэл татварыг нэмэгдүүлэх замаар төсвийг бүрдүүлэх нь удаан хугацаанд эргээд сөргөөр нөлөөлдөг. Татвараас зайслхийгчид эрс нэмэгддэг. Уг нь Америкийн ард түмэн амжилтанд хүрэх хүсэл эрмэлзэлтэй хүмүүс. Тэд атаархамтгай, барьцамтгай биш. Өнгөрсөн жилүүдэд сонгогчид аль болох өөрсдөд нь боломж бололцоо олгосон улс төрийн бодлогыг дэмжиж байсан болохоос нийгэмд тэнцвэргүй, ялгаварласан харьцаа үүсгэх бодлогыг дэмжиж байгаагүй.
Билл Клинтон, Тони Блэйр нар эдийн засгийн өсөлт, шинэ зах зээл, шинэ боломжийг олгож байснаараа одоогийн удирдагчдаас ялгаатай.
Шинжээчдийн үзэж байгаагаар Обама зөвхөн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж, сонгуулийн компанит ажлаа явуулах байж. Учир нь АНУ-ын эдийн засаг 2008 оноос эхэлж хямарч эхэлсэн. Обамагийн засаг захиргаа эдийн засгийг тэр чигт нь сүйрүүлчихгүйн тулд зарим үндэсний том компаниудад татаас өгч яаралтай арга хэмжээ авснаар эдийн засаг нь тогтворжсон.
Харин Европын орнуудын хувьд эдийн засаг хямармагц бүсээ чангалж, эдийн засгийн хатуу бодлого явуулан, төсвийн зарцуулалтыг танаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл байгаа жаахан хөрөнгөө хэрэгтэй зүйлд нь зарцуулж, өсөх магадлалтай салбарт хөрөнгө оруулалт хийх Америкийн бодлого зөв байв уу?
Эсвэл байгаа хөрөнгөө хав дараад төсвөө танаад, зарцуулалтаа багасгах Европын арга зөв байв уу? гэдгийг одоо бид харж болох нь байна. Эдгээр бодлогын үр дүнд АНУ-ын эдийн засаг сэргэж, өсөлт 2-3 хувьд хүрсэн бол Европын эдийн засгийн өсөлт хасах руугаа буюу -0.3 хувь болсон.
Испани, Их Британи зэрэг Европын том эдийн засагтай орнуудын хямрал сүүлийн 40 жилд тохиолдож байгаагүй дээд цэгтээ хүрээд байна. Олон Улсын Валютын Сангийн гаргасан судалгаагаар Европыг авч явж байгаа Германы эдийн засгийн өсөлт суларч АНУ-ын эдийн засгийн өсөлтийн дөнгөж 40 хувьд хүрэх юм байна. Өөрөөр хэлбэл хямралаас айж зарцуулалтаа хасах бус харин ирээдүйтэй салбарт хөрөнгө оруулах нь хэдэн жилийн дараа эдийн засаг сэргэх хөшүүрэг болж өгсөн байна.
Тиймээс Обамагийн улсаас татаас өгч төсвийн зарцуулалтыг танаагүй нь зөв шийдвэр байжээ гэж дүгнэж болох нь. Обамагийн эдийн засгийн бодлого нэгэнт зөв байсан нь 4 жилийн дараа батлагдаж байна. Обама одоогоор хэд хэдэн чухал салбарт хөрөнгө оруулахаар төлөвлөөд байгаа. Үүнд дэд бүтцийн салбарт 476 тэрбум доллар, шинжлэх ухаан технологийн салбар, иргэдийг мэрэгшүүлэн сургах, нарийн мэргэжлийн үйлдвэр, оюутнуудад улсаас зээл олгож, тэдний боловсролыг дэмжих, Байгалийн Шинжлэх ухаан болон инженер технологийн чиглэлээр оюутнуудыг бэлтгэн гаргах зэрэгт хөрөнгө оруулах нь эргээд эдийн засагт үр шимээ өгөх юм.
Н.Эдди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ