Нэгдүгээр эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтыг сунгалаа

img

Хууль ёсны даргагүй хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа УКНЭ-ийн даргын суудалд суучихаар хүн алга байна. Учир нь төрийн албаны зөвлөлөөс тавьсан шаардлага нь хэт өндөр байснаас шалгалтанд тэнцэх хүн гараагүй байна. Тиймээс энэ эмнэлгийн даргыг сонгох сонгон шалгаруулалтыг ахиж явуулахаар болжээ.

Сонгон шалгаруулалтанд орох хүн англи хэлтэй, компьютерийн мэдлэгтэй, мэргэжлээрээ 15 жил ажилласан, үүнээс таван жилд нь удирдах албан тушаал хашсан хүн байх ёстой юм байна. Анагаахын чиглэлээр суралцагсад 30 настай болоод төгсдөг. Гэтэл 15 жил ажилласан байх ёстой гэсэн шааардлага нь 45 нас гарсан хүнийг эмнэлэгт даргаар суулгахаар төлөвлөсөн гэж харагдахаар байна гэв. Энэ бүхнийг яахав гэхэд эрүүл мэндийн удирдлагаар мэргэжлийн зэрэгтэй байх ёстой гэсэн шаардлага тавьсан нь шууд хэлэхэд “тэнэглэл” байсан гэж эмч нар хэллээ.

Гэтэл монголд энэ шаардлагад нь нийцсэн эмч нар бараг байдаггүй юм байна. Нэгдүгээр эмнэлгээс, гадны өөр байгууллагуудаас ч эмч нар очоод тэнцээгүй. Манай эмнэлгээс л гэхэд таван эмч очсон, хэн нь ч тэнцэж чадсангүй гэж нэгдүгээр эмнэлгийн зүрхний тасгийн эрхлэгч Б.Батболд хэллээ.

Харин эрүүл мэндийн сайд С.Ламбаа Төрийн албаны зөвлөлөөс тавьсан шаардлагаа зөв шаардлага байсан. Гэхдээ монголд эрүүл мэндийн удирдлагаар мэргэжлийн зэрэг авсан хүн цөөн байдаг гэдгийг мэдээгүй. Тиймээс тавьсан шаардлагаа арай зөөлрүүлээд ахиад сонгон шалгаруулалт зарлаж байна. Өнөөдрөөс эхлээд 21 хоног сонгон шалгаруулалт ахиад явагдана гэж Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хэлэв.

Нэгдүгээр эмнэлгийнхний хувьд үүнийг эсэргүүцэж байна. 21 хоногийн хугацаанд сонгон шалгаруулалт зарласан хэрнээ тавьж байгаа шаардлагаа “зөв” эсэхийг мэдээгүй, цаг алдсан. Эмнэлгийнхэн энэ долоо хоногт даргатай болно гээд хүлээж байсан. Гэтэл одоо ахиад л хүлээх хэрэгтэй боллоо гэж Эрүүл мэндийн яамаа буруутгав.

Нэгэнт ийм амьдралгүй шаардлага тавьж байгаа юм бол бусад томоохон 14 эмнэлгийн дарга нарт ч энэ шаардлагаа тавих ёстой гэдгийг ч эмнэлгийнхэн хэлсэн. С.Ламбаа сайд ч ийм хэл ам гарна гэдгийг мэдэж байгаа юм байна. Тиймээс он гарахаас өмнө бусад эмнэлэг, харъяа газрынхаа эмнэлгийн дарга нарт нэгдүгээр эмнэлэгт тавьж байгаа шаардлагаа тавина гэлээ. 

Ийнхүү өндөр шаардлагатай сонгон шалгаруулалтанд тэнцэх хүн байгаагүйгээс нэгдүгээр эмнэлгийн даргын суудал ахиад 21 хоногийн хугацаанд эзэнгүй байх нь.

Л. Ариун-Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ