Леди Гага Билл Клинтоныг “Шөнө дунд хамт саксофон тоглоё” гэж өдөв

img

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон өнгөрсөн амралтын өдөр 65 насныхаа ойг нижгэр тэмдэглэлээ. Лос-Анжелес хотын Hollywood Bowl талбайд түүнд зориулан гурван цагийн турш тоглолт хийсэн юм. Тоглолтод Леди Гага, Стив Уандер, Боно, Ашер нарын алдартай дуучид, хөгжимчид оролцон, ая дуугаа өргөлөө. Леди Гага Клинтоны төрсөн өдөрт ирэхдээ Жон Кеннедигийн төрсөн өдөрт Мэрилин Монро хэрхэн ирснийг санагдуулам даашинз өмссөн байжээ. Тэрээр мөн тайзан дээрээс “Билл, хоёулаа шөнө дунд хамтдаа саксофон тоглоё. Манайд ирээрэй” хэмээн наргисан байна. Харин төрсөн өдрийн эзэн Билл Клинтон тайзан дээр гарахдаа эхнэр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонд талархлаа илэрхийлэхийн ялдамд наргиа үгс хэлээд амжжээ. “Би Ерөнхийлөгч байсан хэрнээ төрсөн өдрөөрөө Леди Гага, Төрийн нарийн бичгийн дарга хоёрыг авчирч чадсан энэ дэлхийн ганц хүн” гэж Билл Клинтон хэлсэн байна. Билл Клинтон Ерөнхийлөгчийн албаа өгснийхөө дараагаар сайн санааны үйлсэд идэвхийлэн оролцохын зэрэгцээ дуртай саксофоноо одоо хүртэл тоглосоор яваа ажээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ