Орцны өрхийг орон сууцжуулах ажил эхэллээ

img

НХХЯ-наас “Шилжилт хөдөлгөөн ба орцон дахь гэр бүл” туршилтын төслийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд орцны гэр бүлийг хямд, чанартай байр сууцтай болгох ажил явагдаж байгаа юм. Байр сууцыг барих ажлыг НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөр НҮБ-ХАБИТАТ, Монгол Хабитат байгууллагуудтай хамтран гүйцэтгэхээр ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд Н.Номтойбаяр дээрх төсөл ямар шатандаа явж байгаа талаар мөн өмнө нь  энэ төсөлд хамрагдаж хямд өртгөөр байшинтай болсон зарим иргэдтэй энэ  сарын 30-ны өдөр уулзалт зохион байгуулсан юм. Тиймээс уг төсөлд олон гэр бүлийг хамруулах нь чухал байна хэмээн онцолж хэлсэн юм. Танилцах уулзалтын үеэр НХХ-ийн дэд сайд Н.Номтойбаяр хэлэхдээ орлого багатай иргэдэд орон байр хамгийн гол тулгамдсан асуудлын нэг болоод байна. НХХЯ-наас орцны гэр бүлийг хямд, чанартай байр сууцтай болгох ажлыг НҮБ-ын ХАБИТАТ, Монгол Хабитат байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Үүний хүрээнд 2012-2013 онд Сонгинохайрхан дүүрэгт хямд өртөг бүхий орон сууцны загвар барьж эхлүүлэхээр тус дүүргийн Тамгын газартай хамтран ажиллаж, СХД-ийн 21-р хороонд Суурьшлын бүсийн дэд бүтэц, нийгмийн бусад үйлчилгээг авах боломжийг бий болгохоор 10 га газар авсан байна. Энэхүү  газарт орон сууц барих төслийн үйл ажиллагаанд орцны жижүүрүүд өөрийн биеэр хамрагдан орон сууцаа барих, мөн гадна талбайдаа ногоо тарих, өрх гэр бүлээрээ үйлдвэрлэл эрхэлж өрхийн орлогоо нэмэгдүүлэх, амьжиргаагаа дээшлүүлэх зэрэг боломж бий болгохоор ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн цаашид энэ ажлыг төрийн бодлогоор дэмжин, зөвхөн орцны өрхүүдийг хамруулаад зогсохгүй улс, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх боломжийг судалж байгаа юм байна.  Хүний хөгжил сангаас олгож буй хишиг хувийн мөнгө, хувьцаагаар барьж буй байрныхаа урьдчилгаа төлбөрийг хэрхэн төлөх, бага орлоготой иргэдийг цалингийн зээлд хөнгөлөлттэй байдлаар хамруулах зэрэг асуудлыг НХХЯ судлаж байгаагаа НХХ-ийн дэд сайд Н.Номтойбаяр энэ үеэрээ  онцлон хэлсэн юм. Ингэснээр орлого багатай иргэдийг хямд өртгөөр орон сууцжуулах ажлыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлснээр шилжилт хөдөлгөөн буурч, гэр бүлийн тогтвортой байдал, хүүхдийн хүмүүжил, агаарын бохирдлыг багасгах гээд нийгмийн маш олон асуудал шийдэгдэх ач холбогдолтой аж.
Э.Сувд        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ