
МАН-ын дөрвөн гишүүн намаасаа гарч, МАХН-ын дарга Н.Энхбаярын эзгүйд түүний орыг залган тус намыг удирдахаар МАХН-д өчигдөр элслээ.
Олны яриаг батлан МАХН, МҮАН эвсэж буйгаа зарлаж, хотын төвд өчигдөр хүндэтгэлийн зоог барьсан юм.
Улс төрийн хүчтэй гурав дахь хүчин хэмээн өөрсдийгөө нэрийдэж, Төрийн ордны гадаа "ард түмний эрх ашиг" хэмээн жагсаж, олны танил бологсдын цугласан энэ оройн зоогийн хүндтэй зочид нь мэдээж, намын батлахаа өглөө нь удирдлагууддаа өгсөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ч.Улаан нар байв.
МАХН-МҮАН-ын эвсэлд бусад гишүүдээ төлөөлж энэ эвслийн удирдах зөвлөлд 20 хүн ажиллахаар болсон ажээ.
МАХН-ын зүгээс шинэхэн дэд дарга УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, МАХН-ын Төвийн бүсийн зөвлөлийн дарга, МАХН-ын Нарийн бичгийн дарга О.Чулуунбат, МАХН-ын Нарийн бичгийн дарга, Зүүн бүсийн зөвлөлийн дарга Ч.Улаан нар болон МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нарын 12, МҮАН-аас МҮАН-ын дарга М.Энхсайхан, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батзориг, Бодлогын зөвлөлийн дарга О.Цолмон нар бусад нам, улс төрийн хүчинтэй өрсөлдөх юм байна.
Шударга ёсыг нийгэмд тогтооно хэмээн байгуулагдаж байгаа энэ эвслийн гишүүдийг шударга ёсыг өөрсдөөсөө эхлүүлэн бий болгож чадах хүмүүс мөн эсэх нь удахгүй тодрох биз ээ.

С.Заяа, Гэрэл зургийг Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ