
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мягмар гаригт Афганистан улсад айлчлал хийхээр ирсэн тухай Agence France-Presse мэдээлэв.
Барак Обама өмнө нь айлчлалын тухай огт мэдэгдээгүй байсан бөгөөд тэрбээр Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайтай стратегийн гэрээ хийх төлөвлөгөөтэй ирсэн байна. Ирсэн оройдоо хоёр улсын ерөнхийлөгчид америк цэргүүдийг Афганистанаас 2014 онд татсаны дараа хоёр улсын хоорондын стратегийн харилцааг зохицуулах талаар гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээний дагуу Афганистаны нийгэм эдийн засгийн хөгжлийг АНУ дэмжих юм. Түүнчлэн тус улсын аюулгүй байдлыг 2014-2024 оны хооронд хангах аж. 2014 онд АНУ дайчдаа татахдаа цэргийн зарим бүрэлдэхүүнээ Афганистанд үлдээх бөгөөд цэргүүд орон нутгийн аюулгүй байдал болон Аль-Каида террорист бүлгийн эсрэг тусгай ажиллагаанд оролцох үндсэн үүрэг хүлээх юм.
Харин АНУ тус улсад цэргийн баазаа байрлуулахгүй байхаар тохиролцсоноос гадна суурин газруудад байгаа цэргийн тоогоо багасгахаар хоёр тал ярилцсан байна. Гэрээгээр АНУ-аас Афганистаныг өөрийн хамтрагч НАТО-гийн гишүүн бус орнуудын нэгээр хүлээн зөвшөөрөх гэнэ.
Гэрээ хийсний дараа Ерөнхийлөгч Обама Баграмд байдаг америк цэргийн баазад очсон бөгөөд цэрэг дайчидтай уулзан, тэдэнд албаа хааж байгаад талархал илэрхийлсэн юм. Гэхдээ одоогоор тэдний алба хараахан дуусаагүй гэдгийг анхааруулсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ