
Улсын хэмжээнд “Бүртгэл-12” галт зэвсгийн бүртгэл, тооллогын сарын нэгдсэн арга хэмжээ эхэллээ. 2001 оноос хүчин төгөлдөр мөрдөж байгаа “Галт зэвсгийн тухай” хуулиар Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон юм. Одоогоор зөвхөн нийслэлийн хэмжээнд гэхэд ан агнуур, харуул хамгаалалт, спорт сургалт, цуглуулгын төрлөөр нийт 10300 гаруй галт зэвсэг бүртгэгдсэн байна. Манай улс нум сумнаас өөр зэвсгийн чанартай буу зэвсэг үйлдвэрлэдэггүй. Гадаадаас л зэвсэг, түүний хийц хэрэгслийг оруулж худалдаалдаг.
1960-аад оны үеэс ард иргэдийн гар дээр хуучин ЗХУ-д үйлдвэрлэсэн 8 мм-ийн тугалган хошуутай сум бүхий “Карабин” бууг ангийн зориулалтаар хэрэглэж эхэлсэн. Удалгүй улам хүчтэй сумыг үйлдвэрээс нь оруулж ирж, нэлээд өргөнөөр худалдаалсан байна. Иймээс бууны ам сумныхаа аяыг даалгүй сунаж, малчны хотонд боохой үргээх үүрэгтэй болжээ. Манайхны 800-гийн буу гэж нэрлэдэг 7.64 мм-ийн чех винтов, 1943 оны 7.62 мм-ийн сумаар бууддаг Симоновын автоматаар сумладаг СКС, 1910 (1891) оны загварын Мосины загварын винтов устгалын шатандаа хэдийнэ орсон. Гэвч 1903, 1943 оны үеийн төрөл бүрийн сумны нөөц хүмүүсийн гар дээр мэр сэр байдаг учир одоо ч хэрэглэж байгаа тал бий.
Харин зах зээлийн нийгэмд шилжсэн 90-ээд оноос хойш орчин үеийн олон төрлийн галт зэвсэг иргэд, аж ахуйн нэгжийн мэдэлд цөөнгүй байх болов. Гэхдээ галт зэвсэг эзэмшигч болон хамтран эзэмшигч нь Монгол Улсын 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх бөгөөд цагдаагийн байгууллагад бүртгүүлж, гэрчилгээ авснаар түүнийг өмчлөх эрхтэй болно. Шинээр худалдан авсан бол 14 хоногийн дотор зохих бичиг баримтыг бүрдүүлж, бүртгүүлэх үүрэгтэй. Шилжилт хөдөлгөөнийг ажлын тав хоногт багтаан хийлгэнэ.
Хэдийгээр галт галт зэвсгийг спорт сургалт, ан гануур зарим тохиолдолд амь бие, өмч хөрөнгөө хамгаалах зриулалтаар эзэмшиж байгаа ч хувийн ашиг сонирхлын үүднээс бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, айлган сүрдүүлэх зэрэг нийтийн ашиг сонирхлын эсрэг ашиглах учиргүй билээ.
Дашрамд хэлэхэд, сүүлийн үед галт зэвсгээс гадна зэвсгийн чанартай харвах, шидэх, хийн шахуургат болон дохионы хэрэгсэл олноор бий болов. Тэдгээрийн дотор ОХУ-ын ИЖ-78, ИЖ-79, ИЖ-100 маркийн хийн бууг нэлээд ашиглаж байна. Мөн Хятадад үйлдвэрлэсэн 2-4 сумтай UJ-1- маркийн хийн буу, БНСУ-ын 38 мм-ийн DH-1001 хийцийн шахуургат буу, олон хүнд зэрэг үйлчлэх зориулалттай нулимс асгаруулах, амьсгал боогдуулагч гранат ч байна. Эдгээрийг тусгай хэрэгсэлд тооцдог боловч буруугаар хэрэглэвэл хүний амь нас, эрүүл мэндэд хөнөөл учруулах чадалтай.
Иймээс манай улсад байгаа байлдааны зэвсэг, түүний сум галт хэрэгслийг зориулалтаас өөрөөр ашиглах, эрх бүхий хуулийн этгээд галт зэвсэг зайлшгүй хэрэглэсэн тохиолдолд гэм буруутан болох, тусгай сургалтад хамрагдаагүйн улмаас осол аваар гаргахаас сэргийлж, галт зэвсэг, сум хэрэгслийг төрөл ангилал, тоо бүртгэлд ашиглалтын зориулалтаас өөр ангиллаар бүртгэх, үйлдвэрлэлийн бус аргаар хэлбэр загвар, хүчин чадлыг нь өөрчлөх болон буу зэвсгийг нуун дарагдуулах, хулгайгаар эзэмших зэрэг хууль бус үйл ажиллагааг илрүүлж журамлах зайлшгүй шаардлагатай болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ