
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон жил бүр болдог хоёр улсын эдийн засгийн харилцааны хуралд оролцох америк төлөөлөгчдийг даргалахаар Хятадад ирсэн тухай ВВС мэдээлэв.
Гэхдээ Хятадтай хүний эрхийн талаар ярилцана гэж Х.Клинтон даваа гаригт хэлсэн байна. Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-ны байранд байгаа гэх Хятадын тэрс үзэлтэн Чен Гуанчений талаар харин Х.Клинтон ямар нэгэн зүйл хэлээгүй юм.
Хүүхэд байхаасаа хараагүй байсан нийгмийн зүтгэлтэн Чен Гуанчен дөрвөн жил гаруй гэрийн хорионд байсан бөгөөд тэрээр эрх чөлөөний төлөө болон гэр бүлүүд нэг хүүхэдтэй байхын эсрэг тэмцэж байсан билээ. Өнгөрсөн сард Чен Гуанчен гэрийн хорионоос зугтсан бөгөөд түүнийг АНУ-ын хамгаалалтад байгаа гэж ярьж байгаа юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама болон Х.Клинтон нар энэ яриаг үгүйсгэсэн ажээ.
Энэ удаагийн хурлаар хоёр улс Иран, Сири, Хойд Солонгосын болон худалдааны талаар ярилцах юм. Гэхдээ Чен Гуанчений хувь заяаны талаар хүмүүс сонирхож байгаа талаар ВВС агентлагийн сурвалжлагч хэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ