
Орон орны хүмүүс хэл ус өөр ч урлагаар дамжин бие биенээ ойлголцдог. Түүний нэг нь кино. Оскар, Каннын наадмаас эхлээд кино урлагийн хөгжлийг тодорхойлох олон улсын кино их наадмууд дэлхийн өнцөг булан бүрт зохиогдож байдаг. Японы эртний нийслэл болох Нара хотод ирэх 9-сарын 14-17-ны өдрүүдэд Олон улсын кино их наадам хоёр дахь удаагаа болох гэж байна.
2007оны Каннын их наадмаас шилдэг шинэ найруулагчын шагналыг хүртсэн Кавасэ Наоми гэдэг найруулагч бүсгүй өөрийн төрж өссөн эртний түүхт хотоо дэлхийд таниулах зорилгоор энэхүү наадмыг үүсгэн санаачилсан юм байна.
Анхны наадамд Герман, Австри, Перу, Мексик, Ирланд, Израйл, Солонгос, Японы найман киноноос гадна Монголоос Ж. Сэнгэдорж найруулагчийн “Адам” буюу “Хүчилтөрөгч” кино шалгаран үлдэж, Японд анх удаа Монгол кино дэлгэцээр гарч, өндрөөр үнэлүүлсэн билээ.
Тус наадмын удирдах комиссоос монгол киног шалгаруулах болсны учрыг асуухад найруулагчийн санаа, зохиомж нь маш онцгой, өвөрмөц байсныг онцгойлж байсан юм. Япончууд монгол киноны талаар ямар ч ойлголтгүй байдаг бол энэ удаа таниж мэдэх боломж нээгдлээ. Цаашид ч монгол киноноос хараагаа салгахгүй юм байна гэж хэлж байсан.
Энэ удаагийн наадамд ч монгол кино өрсөлдөх боломжтой. Сүүлийн хоёр жилийн дотор хийсэн, 70 минутаас дээш бүрэн хэмжээний уран сайхны болон баримтат кино байх шаардлагатай юм. Гэхдээ адал явдал, инээдмийн эсвэл аймшгийн кино байж болохгүй. Харин хайр дурлал, уянгын, хүний харилцаа, нийгмийн тухай өгүүлэх кино байх ёстой юм байна. Мөн дэлгэцэн дээр англи титрээр гарч байх ёстой бөгөөд сойх киногоо DVD-ээр явуулах хэрэгтэй. Монголоос ирсэн кинонуудаас шаардлага хангасан, шилдэг ганцхан киног сонгох бөгөөд найруулагчийг нь ирэх есдүгээр сард бүх зардлыг нь дааж, Нара хотод урьж, наадмын бүх үйл ажиллагаанд оролцуулна. Киногоо 5-р сарын 31 хүртэл олон улсын кино наадмын комиссын монголыг хариуцаж байгаа Х.Эрдэнэцэцэгийн khaltar_erka@yahoo.com руу хандана уу.
Их наадамд шалгарсан нэг киног “Алтан буга” гранпри шагнал хүртээж Японд кино хийх боломж олгоно. Мөн үзэгчдийн зүгээс хамгийн олон үнэлэлт авсан киног шалгаруулах юм.
Монгол кино дэлхийд танигдах бас нэгэн боломж ирлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ