Улсын харцага Г.Намсрайжавыг шүүнэ
Замын цагдаагийн ажилтныг зодож, биед нь гэмтэл учруулсан хэрэгт татагдсан улсын харцага Г.Намсрайжавыг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд шүүнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн 230.2-т зааснаар төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутгаж байгаа юм.
Шүүхээс Эрүүгийн хуулийн 230.2-т төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан гэм буруу нь тогтоогдвол гурван зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.
Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын баруун урд уулзварын орчим албан үүргээ гүйцэтгэж, шаардлага тавьсан замын цагдаагийн ажилтныг зодож гэмтээсэн юм.
Тухайн үед Г.Намсрайжавын хүү Замын хөдөлгөөны дүрэм зөрчиж, нэг чигийн урсгалтай зам дээр буцаж эргэхийг завдахад нь замын цагдаа дүрэм зөрчихгүй чигээрээ явахыг сануулж, бичиг баримтаа шалгуулах шаардлага тавьсныг эсэргүүцэн биед нь халдсан байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ