Мансууруулах бодис наймаалсан Монгол бөх шүүгдэнэ
Хар тамхины хэрэгт холбогдсон олны танил хүмүүсийн хэргийг шүүхээс хэрхэн шийдсэн талаар эргэн сурвалжиллаа.
Улсын начин Ц.Улаанхүүг өнөөдөр шүүнэ
Хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан хэргээр Баянзүрх дүүргийн шүүх, нийслэлийн давж заалдах шатны шүүхээс 11 жилийн хорих ял сонсож байсан улсын начин Ц.Улаанхүүгийн гомдлыг өнөөдөр нийслэлийн Шүүхэд хэлэлцэнэ.
Түүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн жилийн наймдугаар сарын 25-нд болж, Ц.Улаанхүү начин Н.Болдбаатар гэгчид 43 ширхэг /капсул/ мансууруулах төрлийн бэлдмэлийг зарж борлуулах зорилгоор өгсөн болохыг нотлох хангалттай баримт байгаа гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн юм. Тиймээс Эрүүгийн хуулийн 192.3-1 дэх хэсэгт зааснаар Ц.Улаанхүү нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх онц их хэмжээний бэлдмэлийг олж авсан, хадгалсан, борлуулсан нь тогтоогдсон тул 11 жилийн хорих ялаар шийтгэх, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, хураан авсан 523 грамм мансууруулах бодисыг устгах, батлан даалтад гарахдаа төлсөн гурван сая төгрөгийг буцаан олгох шийдвэр гаргасан юм. Гэвч хяналтын шатнаас хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан юм.
Цүнэяки Хара мансуурч баригдав
Суруга Монгол” корпорацийн зургаан захирлын нэг 67 настай Цүнэяки Хара хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогдон Цагдан хорих төвд саатуулагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Уг хэргийг шалгах явцад Цүнэяки Хара нутагтаа гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг тодруулахаар манай хууль хяналтын байгууллагаас Японы хууль сахиулах алба руу албан тоот илгээсэн юм байна. Уг албан бичгийн хариу хараахан ирээгүй, гэмт хэргийг байцаах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа аж.
Монголд үйл ажиллагаа явуулдаг “Суруга Монгол” компани нь 2003 оноос хойш Хан-Уул дүүрэгт “Дөрвөн улирлын цэцэрлэг” нэртэй орон сууцны хороолол барьж байгаа юм. Салбар компанийнхаа үйл ажиллагаатай танилцахаар өнгөрөгч өвөл монголд ирсэн Цүнэяки Хара Хан-Уул дүүргийн нутаг “Палас” зочид буудлын 609 тоотод хэрэглэж байгаад цагдаагийн ажилтнуудад анх саатуулагдсан юм. Түүнийг саатуулсны дараа Гаалийн төв лаборатори болон бусад итгэмжлэгдсэн лабораторид түүний цуснаас нь авч шинжилсэн ч хар тамхины бүлгийн бэлдмэл хэрэглэж мансуурсан нь тогтоогдсон.
Ингээд Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт Цүнэяки Харад Эрүүгийн хуулийн 192.3 дахь хэсэгт зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэсэн зүйл ангиар буруутган сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байна. Хэргийг шалгах явцад мансууруулах төрлийн бодис тээвэрлэдэг хоёр ч хүн холбогдон одоогоор Цагдан хорих төвд баривчлагдаад байгаа юм байна.
Хар тамхины хэрэгт татагдсан Цүнэяки Хара “Суруга корпорци”-ийн гүйцэтгэх захирлаар 2002 оноос хойш ажилласан бөгөөд түүний удирдлагын хугацаа буюу 2010 оны аравдугаар сард Японы Токио хотын Дээд шүүхээс тус компанийн дампуурлыг албан ёсоор зарлажээ. Хувьцаа нь 2011 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хүчингүй болсон гэнэ. Зарим баримтуудаас харахад Цүнэяки Хара тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа якуза нартай холбоотой ажиллаж байсан гэнэ. Албан ёсны мэдээллээр бол Японы “Суруга корпораци” хувьцаат компани нь анх 1972 оны гуравдугаар сард байгуулагдаж, Японы хамгийн том худалдааны боомт болох Канагава мужийн Ёкохама хотод төв салбараа нээж байсан түүхтэй аж. Японд албан ёсоор дампуурлаа зарласан “Суруга”-ийн охин компани болох “Суруга Монгол “компанийн захирал Цүнэяки Харагийн гэм буруутай үйлдлүүдийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна. Хэрэв түүний гэм буруутай үйлдэл нь шүүхээр тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлнэ.
Зохиолч бүсгүй хар тамхины хэргээр 12 жилийн ял сонсчээ
Хятадад бүх насаараа хоригдох ял авсан Л.Байгальмааг золиослогч болох Л.Гантуул мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэл хууль бусаар олж авсан, хадгалсан, зөөвөрлөсөн хэрэгт яллагдагчаар татагдан анхан шатны шүүхээс 12 жилийн хорих авсан юм. Тэрбээр “Дурлалын сүм оройгүй”, “Шүлгийн түүвэр” зэрэг номоо гаргаж байсан зохиолч эмэгтэй. Уг хэрэгт хамт сэжигтнээр татагдаж шалгуулж байсан түүний төрсөн эгч Л.Гантуяа “Шар нохойн там” кино зохиолыг бичсэн юм. Уг кино Олон улсын кино наадамд тун амжилттай оролцож, Франц, Германы кино театруудаар гарч үзэгчдийг байлдан дагуулж байсныг уншигчид санах биз ээ.
Л.Гантуяаг УМБГ-аас хар тамхины хэрэгт дүүтэй нь хамтатган сэжигтнээр тооцон шалгасан ч хэрэгт холбогдолгүй болж цагаадсан. Харин түүний төрсөн дүү Л.Гантуул хамсаатан болох Ё.Оюунбилэг нар нь 2008 оны зургадугаар сараас 2009 оны наймдугаар сарын хооронд Л.Байгальмаа, Ц.Оюун-Эрдэнэ, П.Алтансүх, Р.Оюун-Эрдэнэ, Б.Нандинцэцэг гэх эмэгтэйчүүдийг хууран мэхэлж, 2000 гаруй капсул мансууруулах бодисыг Вьетнам, Малайз, Лаос, Бангладеш улс руу тээвэрлүүлсэн хэрэгт буруутгагдаж яллуулсан. Түүнчлэн БНХАУ-ын Ардын шүүхээс бүх насаараа хорих ялаар шийтгүүлсэн Л.Байгальмааг золиослож хар тамхи тээвэрлэгчээр ашиглаж байсан гэх үйлдлээр эрүүгийн хэрэгт татагдсан юм. Шүүхээс Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт тус бүр 12 жилийн хорих ял, Малайз улс руу хар тамхи зөөвөрлөсөн Ц.Оюун-Эрдэнэ, Вьетнамаас БНХАУ руу хар тамхи зөөвөрлөсөн П.Алтансүх нарт тус бүр зургаан жилийн хорих ял оноосон юм. Харин Л.Гантуулын төрсөн дүү Л.Гандавааг уг хэрэгт холбогдолгүй хэмээн шүүх бүрэлдэхүүн үзэж хэрэгсэхгүй болгосон билээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ