Зүүн хойд Азийн цөлжилт, хуурайшил, газрын доройтлын эсрэг тэмцэх сүлжээг үүсгэн байгуулахаар гурван тал гарын үсэг зурлаа
БНСУ-ын Чангвон хотноо 2011 оны аравдугаар сарын 10-21-ний өдрүүдэд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын Х бага хуралд 194 орны 3000 гаруй төлөөлөгч, 30-аад орны Байгаль орчны сайд оролцож оролцож байна. Энэ хурал Азид анх удаа зохион байгуулагдаж байгаа нь Монгол орны хувьд ихээхэн ач холбогдолтой. Хуралд Монгол Улсаас БОАЖЯ, холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, Монголд хэрэгжиж буй Цөлжилтийг сааруулах болон Цөлжилтийг бууруулах, газрын тогтвортой менежмент төсөл, Ногоон хэрэм зэрэг төслийн холбогдох ажилтнууд, хурлын дээд хэмжээний уулзалтад БОАЖ-ын сайд Л.Гансүх оролцож байна. Хурлын үеэр Монгол Улсын БОАЖЯ, БНХАУ-ын Ойн алба, БНСУ-ын Ойн албаны хооронд Зүүн хойд Азийн цөлжилт, хуурайшил, газрын доройтлын эсрэг тэмцэх сүлжээг үүсгэн байгуулах үйл ажиллагааны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Зүүн хойд Азийн цөлжилт, хуурайшил, газрын доройтлын эсрэг тэмцэх сүлжээ нь дараах зорилтыг дэвшүүлж байна. 1. Тус сүлжээ нь Зүүн хойд Азийн дэд бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг Стратегийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ. 2. Цөлжилттэй тэмцэх болон элэгдсэн, эвдэрсэн хөрсийг нөхөн сэргээх, түүнчлэн элсэн ба шороон шуургыг хянах, урьдчилан сэргийлэх талаар хамтын судалгаа шинжилгээ болон төсөл боловсруулж хэрэгжүүлнэ. 3. Цөлжилттэй тэмцэх, элсэн ба шороон шуургыг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг үр ашигтай хэрэгжүүлж, үйл ажиллагааны чадамж бий болгоно. 4. Бус нутгийн болон үндэсний хэмжээнд тус сүлжээний бүс нутгийн удирдлагын хамтын ажиллагааг бэхжүүлнэ. 5. Семинар, симпозиум, техникийн зөвлөгөөнөөр дамжуулан цөлжилт, хуурайшилт, газрын доройтлыг бууруулах асуудлаар туршлага, мэдлэгээ хуваалцах, харилцан мэдээлэл солилцож ажиллана. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын хуралд Монгол Улсын төлөөлөгчид Монгол орны цөлжилтийн өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгарч буй бэрхшээлүүдийн талаар таван илтгэл тавьж, хэлэлцүүлээд байна. Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд болон дэлхийн бусад орон, олон улсын байгууллагатай цөлжилт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр хамтран ажиллах санал тавиад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ