
Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийн амралтын өдрийг “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болгохоор тогтсон билээ. Энэ удаагийн “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” энэ сарын 05-нд тохиох юм.
2012 оныг МУ-ын ЗГ-аас “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор бүх нийтийн хөдөлмөрийн өдрийг “Өрхийн хөгжлийн төлөө хамтаа” уриан дор зохион байгуулахаар уриалга гарган төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд, төрийн бус байгууллагуудад хүргүүлсэн байна. Энэхүү уриалгыг дэмжин зарим байгууллагуудаас хийх ажлын төлөвлөгөөг ирүүлээд байгаа юм. Тухайлбал, Иргэний нийгмийн байгууллагууд орон нутагт байгууллагынхаа орлого багатай өрхийн амьжиргааг дэмжих хөдөлгөөн өрнүүлэх, орлого багатай иргэдийг ажлын байраар хангах, нийтийг хамарсан бүтээлч ажлуудыг зохион байгуулахаа мэдэгджээ.
Мөн тус яамнаас өнгөрсөн жил “Гэртээ харих зам буюу Орцны гэр бүл” төслийг эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд орцны гэр бүлийг орон сууцжуулах болсон юм. Иймд энэ сарын 5-ны өдөр уг төслийн орон сууцыг барих шав тавих ёслол болно. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн барилгын ажлын шавыг тавих юм байна.
Дашрамд дуулгахад, НХХЯ-наас өнгөрсөн жил “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-ийн хүрээнд үндэсний хэмжээнд зохион байгуулах ажлын чиглэлийг гаргаж, холбогдох төрийн байгууллага, аж ахуйн нэгж, нийгмийн түншүүдэд хүргүүлсэн аж. Нийслэл хотын хэмжээнд энэ өдөр өөрсдийн амьдарч буй орчин тойрноо цэвэрлэх, тохижуулах, мод тарих зэрэг ажлуудыг иргэд аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд идэвхтэй өрнүүлсэн байна. Харин аймаг орон нутагт орон нутгийн чанартай зам, даваа засах, аймаг, сум хоорондын замын тэмдэглээг сайжруулах, хөдөө орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагын хаягжилтыг сайжруулах, жигдрүүлэх, орчин тойрноо тохижуулах зэрэг ажлуудыг хийжээ.
“Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-өөр ажилласан иргэдийн нэг өдрийн ажлын хөлсийг 9000 төгрөгийн жишгээр тооцвол аймаг орон нутагт 5.066 аж ахуйн нэгж байгууллагын 159.263 мянган хүн ажиллаж 1,433,367,000 төгрөгийн, Улаанбаатар хотод яамд болон нийслэлийн төр захиргааны байгууллага, хувийн хэвшлийн 114 байгууллагын 25.196 хүн 226.764.000 төгрөгийн ажил буюу улсын хэмжээнд нийт 5.179 байгууллагын 182.949 хүн 1.660.131.000 төгрөгийн цэцэрлэгжүүлэлт, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгээний ажил хийж гүйцэтгэжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ