“Бороо гоулд” ХХК-ийн Байгаль орчны захирал Стив Макинтоштай уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар ярилцлаа.
-Та уул уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлээр хэчнээн жил ажиллаж байна. Нөхөн сэргээлт хийхэд хамгийн чухал нь юу байдаг юм бол?
-Би Монгол Улсад 2003 оноос хойш ажиллаж байна. Завсарт нь хоёр жилийн хугацаанд Пакистан, Өмнөд Америкт ажилласан. Ер нь бүх тивд ажиллаж үзсэн. Африкийн орнуудад мөн ажилласан. Уул уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлээр 25 жил ажиллаж байгаа. Миний суралцсан мэргэжил ургамлын өвсөн бүрхүүлийн менежмент. Уул уурхайн нөхөн сэргээлтээр магистр хамгаалсан.
Мэдээж, байгаль орчин, түүний нөхөн сэргээлтэд маш олон зүйл хамаатай. Ус, хөрс, ургамал, газрын хэлбэр, үзэгдэх байдал гэх мэт. Үүнээс бидний хамгийн гол анхаардаг зүйл нь гадаргын болон гүний усны чанар, нөөц байгаа юм. Харин газрын бүтцээс хамгийн чухал нь хөрс. Яагаад гэхээр хөрс олон мянган жилийн турш бүрэлдэж өөрийн гэсэн онцлогийг хадгалж ирдэг. Үүний дараагийн буюу арай бага ач холбогдолтой нь ургамлан бүрхүүл. Ургамал ургахгүй бол дахиад тариад байж болдог учраас тэр. Үүнд хугацаа, зардал бага ордог юм. Тэгэхээр нөхөн сэргээлтийн хамгийн чухал хэсэг нь хөрс хамгаалах ажил.
-“Бороо гоулд”-ын нөхөн сэргээсэн одоогийн талбай байгалийнхаа өмнөх бүтэц, шинжид хэр ойртсон бол?
-Бидний баримталж байгаа стандартаар 95 хувьтай байх ёстой. Өөрөөр хэлбэл бидний хийсэн нөхөн сэргээлт байгалийнхаа өмнөх бүтэцтэй 95 хувь нийцдэг. Бид орчин тойрныхоо хөрс, ургамлыг төрөл зүйл бүрээр нь нарийн судалдаг. Ингээд ургамлан бүрхүүлийг өмнө байсантай нь яг адил хэмжээгээр, зүйл бүрээр нь тарьж ургуулдаг. Дараа нь түүнийгээ зэргэлдээ унаган, хөндөгдөөгүй газрынх нь хөрстэй нийлүүлнэ. Энэ нөхөн сэргээлт өмнөх байгальтайгаа хамгийн багадаа 95 хувь нийцэж байх ёстой. Нөхөн сэргээсэн талбайн хөрсийг хамгаалахын тулд тэнд өвсийг маш хурдан хугацаанд ургуулах хэрэгтэй байдаг. Тэгж байж хөрсийг бэхжиж, бороо салхинд элэгдэж эвдрэхгүй болдог юм. “Бороо гоулд”-ын ил уурхайн үйл ажиллагаанд өртсөн талбайг орчныхтой нь харьцуулахад маш бага газар бий. Тэнд ургадаг бүхий л ургамал, зүйлийг тарьсны дараа тэрхүү бага талбайг хүрээлж байгаа унаган байгаль түрж орсноор байгаль 100 хувь нөхөн сэргэдэг. Бидний нөхөн сэргээсэн талбай яваандаа эргэн тойрныхоо талбайтай яг ижилхэн болно. Нөхөн сэргээсэн талбайгаа хэлбэржүүлэхэд нарийн судалгаа шаардлагатай байдаг. Эргэн тойрных нь уул толгод ямар хэлбэртэй байна вэ, хаашаа харсан, аль тал нь налуу, урт байна гэх мэт. Манай хөрс, газрыг хэлбэршүүлж байгаа ажилчид ихэвчлэн Баруун хараа, Зүүн хараагийн иргэд, хар багаасаа мал маллаж тэр газар нутагт өссөн залуус бий. Тэд уу, толгод, нутаг усныхаа онцлогийг сайн мэддэг болохоор бидэнд ямар ч мэргэжлийн хүнээс илүү тус болдог юм.
-Мод ургамлаас гадна тэнд амьдардаг амьтдыг нутагшуулах, уул, овооны хэлбэр, дүрсийг өмнөхтэй нь адилхан болгож бүтээх боломжтой юу?
-Нөхөн сэргээлтийн ажилд юуны өмнө тухайн газраа хэлбэршүүлж, түүн дээрээ хөрсөн бүрхүүл, хөрсөн бүрхүүл дээр ургамлан бүрхүүл бий болгох, ан амьтан нутагшуулах, харагдах байдлыг нь сайжруулах, усны нөөц, чанарыг хадгалах гээд олон зүйл багтдаг. Дээр өгүүлчсэнчлэн, бидний чухалчилж үздэг зүйл бол хөрсийг тогтвортой байлгах асуудал юм. Тиймээс бид хөрсийг тогтвортой байлгаж, орчных нь уул толгодыг тэр хавийн байгалийн тогтоцтой нь адилхан болгохыг хичээдэг юм. Ингэж чадвал эргэн тойрных нь ургамал ургаж, амьтад аяндаа нутагших боломж бүрдэх юм. Бид нөхөн сэргээсэн талбайдаа тарвага, зурам нутагшуулж эхэлсэн.
-“Бороо гоулд”-ын байгаль орчин хариуцсан хэлтэст хэчнээн хүн ажиллаж байна вэ. Нөхөн сэргээлтийн ажилд орон нутгийн иргэдийг хэрхэн хамруулдаг талаараа тодруулахгүй юу?
-Байгаль орчны хэлтэст зургаан хүн ажиллаж байна. Улирлын чанартай, түр ажлуудад орон нутгийн иргэдийг аль болохоор татаж оролцуулдаг. Баруун хараа, Зүүнхараагаас түр ажилтнууд үр тарих, эсвэл хөрсний эвдрэлийг хянах, усалгааны ажлуудад оролцож байна. Тухайлбал, удахгүй ургамлын үр тарих ажил эхлэх гэж байна. Үүнд 20 хүнийг Баруун хараа, Зүүн хараагаас авч ажиллуулна.
-Нөхөн сэргээлт хийхэд тохиромжтой усны эх үүсвэр хангалттай байж чаддаг уу. Монгол оронд усны хомсдлын тухай сэдэв хаа сайгүй яригдаж байна?
- Устай холбоотой асуудал бараг гардаггүй. Яагаад гэхээр Сэлэнгэ аймаг хангайн бүсэд ордог, хур тундас харьцангуй элбэг. Түүнчлэн манай компанийн усны хяналт шинжилгээний систем маш нарийн. Ойрхон хугацаанд усны хяналт шинжилгээг тогтмол хийж байдаг. Тодруулбал, усныхаа дээжинд бид 50 гаруй химийн элементийн үзүүлэлтээр шинжилгээ хийдэг.
-Монголд уул уурхайн нөхөн сэргээлт хийхэд бэрхшээл байна уу?
-Байгаль орчны ямар нэгэн нөхөн сэргээлт хийхэд асуудал байхгүй. Африкт бол хэцүү байсан. Би өөрөө Монтана мужийнх. Сургуулиа төгсчихөөд тэнд байгаль орчны чиглэлээр ажиллаж байсан. Тэндхийн байгаль орчин, ууур амьсгал Монголынхтой маш төстэй. Гэсэн ч Монголыг Монтана мужтай харьцуулахад анхаарах ёстой зүйл харьцангуй бага байна.
-Та Африкт ажиллаж байсан гэлээ. Монголчууд энэ нэрийг сонсоод айдаг болсон. Яагаад гэхээр бид ирээдүйн хөгжлөө уул уурхайгаар тодорхойлж байгаа ч буруу бодлогын балгаар Африк шиг болох нь гэсэн айдастай болчихлоо. Монгол Улсаа Африк шиг болгохгүйн тулд бид одооноос юунд анхаарах ёстой юм бол?
- Уул уурхайн салбар бол газрын тосны бизнес шиг зүйл огт биш. Хүсвэл цорго нээгээд л, хүсэхгүй бол хаачихдаг салбар биш юм. Үүний нэг жишээ нь Нигер, Венесуэль улсуудад байна. Газрын тосыг буутай хүмүүс буюу цэргийнхэн нь эзэмшиж байна. Тэд хүчээр ороод газрын тосны цоргыг нээж, хаагааад л амарханаар мөнгө бүтээдэг. Харин уул уурхайн салбар тийм биш. Эхлэхээсээ авахуулаад дуустлаа байнгын хөрөнгө оруулалт шаардана. Тиймээс уул уурхайн компаниудаас маш их хөрөнгө гарах ёстой. Иргэд юуны өмнө ямар нөөц нөхөн сэргэдэг, ямар нь сэргэдэггүйг сайтар ялгаж авах хэрэгтэй. Ашигт малтмал дахиж нөхөгдөхгүй. Харин өвс, ургамлыг нөхөх боломжтой. Тиймээс уул уурхайн компаниудаас иргэд юу шаардах ёстой вэ гэхээр,тэрхүү өвс ургамал, моддыг маш сайн ургуулахыг шаардах хэрэгтэй. Монгол Улс модноос ашиг олдоггүй. Өөрөөр хэлбэл, модны үр өгөөжийг бараг хүртдэггүй улс. Харин өвс, ургамал, нарны энергиэс танай эдийн засаг хамаардаг юм. Өвс, ургамал ургаж л байвал хүн ард нь өлсөхгүй амьдарна. Тиймээс л ургамлан бүрхүүлээ хамгаалж үлдэх нь хамгийн чухал.
-Олон жил энэ чиглэлээр гадаадын улс орнуудад ажилласан хүний хувьд хөндлөнгөөс харахад Монголд байгаль орчны хууль, тогтоомжууд хангалттай байна гэж үздэг үү. Эсвэл..?
-Хангалттай сайн хуулиудтай. Хуулийг хэн хэрэгжүүлдэг вэ гэдэгт л асуудал байна. Хуулийг чанд дагаж мөрдөж чадвал асуудал гарахгүй. Монголчууд, төрийн байгууллагынхан биднээс бодитой, чухал, ач холбогдолтой зүйлсийг шаарддаг, зөв бодолтой хүмүүс байдаг. Жишээ болгоод ярихад АНУ-д уул уурхайн үйл ажиллагаандаа нэг их ач холбогдолгүй, химийн бодисын хэмжээ ихэсч байна уу, багасч байна уу гэх мэт судалгааг маш их зардлаар хийх нь бий. Энд тийм биш. Юу чухал вэ гэдгээ мэддэг, яг тэр зүйлсээ шаарддаг.
-Цөөн тооны, томоохон хэдэн уурхайд уул уурхайн нөхөн сэргээлтийг олборлолттойгоо зэрэгцээд хийж байна. Энэ нь ямар давуу талуудыг бий болгодог юм бол?
-Зарим нь бүх үйл ажиллагаа дууссаны дараа нөхөн сэргээлтээ хийнэ гээд орхичихдог. Тэр буруу. Бид яадаг вэ гэхээр, олборлолт хийж байх явцад жил, жилийнхээ төсөвт нөхөн сэргээлтийн зардлаа суулгаж өгдөг. Олборлосон тонн хүдэр тутмын тодорхой хувийг хуримтлуулж, бага багаар нөхөн сэргээлт хийгээд явдаг. Олборлолтын үед нөхөн сэргээлт хийхэд бидэнд шинээр суралцах зүйл л их гарч ирдэг юм. Юу нь болж байна, юу нь болохгүй байна гэх мэт. Уурхайн үйл ажиллагааг хүлээж байгаад дууссан хойно нь нөхөн сэргээлт хийснээс бага, багаар эхлүүлээд явбал зардал хэмнэдэг юм. Өөр янз бүрийн хүндрэл гардаггүй.
-Байгаль орчныг хамгаалах ажил мөнгө их зарцуулах тусам чанар нь сайн байдаг гэдэг. Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн ихэнхийг юунд зарцуулдаг вэ?
- Бид маш их хөрөнгийг, олон сая долларыг юунд, хэзээ зарцуулах вэ гэдгээ олон улсын мэргэжилтнүүдийг урьж авчиран нарийн төлөвлөдөг. Экосистемийг тогтвортой байлгахын тулд бидний хэлбэршүүлсэн тэр хөрсөнд маш их зардал ордог. Том хэмжээтэй уулын техникүүдийг ашигладаг юм. Ургамалжуулах нь хамгийн бага зардалтай. Туршлага муутай компаниуд яадаг вэ гэхээр, олборлолтоо дуусмагц үр цацчихаад арилаад өгдөг. Тэр нь нэг юм уу, хоёр жил ургаад л дахиж гарч ирдэггүй. Ингэж болохгүй. Ямар ч байсан хөрсийг тогвортой болгох хэрэгтэй. Өөрөө, өөрийгөө тэтгээд явах чадалтай, бие даасан ургамлан бүрхүүлтэй болгох ёстой юм. Өөрөөр хэлбэл ургамал өөрөөрөө нөхөн сэргэх чадвартай байх нь хамгийн чухал.
-Цаашид Бороогийн уурхайд ямар нөхөн сэргээлтүүдийг хийхээр төлөвлөсөн байгаа вэ?
-Энэ жил бид шинэ төсөл хэрэгжүүлэх гэж байна. 15.5 га газарт мод бут тарина. Нийтдээ 13 мянган мод бутыг тарихаас 80 хувь нь мод байгаа. Уурхайн талбайн ойролцоо, 6-8 өөр газарт тарихаар төлөвлөсөн. Энэ ажилд орон нутгийн иргэдийг хамруулна. Бидний нөхөн сэргээлтийн мод, бут тарих ажлыг хариуцаж байгаа компани орон нутгийн иргэдийг сургаад ойролцоогоор 20 хүн ажиллах байх. Энэ жил нийтдээ 40 га газарт өвсний нөхөн сэргээлт хийнэ. Өвснийхөө үрийг холиод цацаж тарьдаг шинэ төхөөрөмж авсан. Таван хошуу мал идэх боломжтой зургаан төрлийн өвсний үрийг хольж энэ төхөөрөмжөөр тарих юм.
Х.ХУЛАН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ