Иргэд нэг сая төгрөг эсвэл хувьцаа гэсэн сонголтоо хийж, энэ сарын 20-ны дотор хүсэлтээ гаргана
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам болон Санхүүгийн зохицуулах хорооноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдах болон цалин тэтгэврийн шинэ тогтолцоо, “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-ийн талаар мэдээлэл хийлээ. Энэхүү арга хэмжээнд Нийгмийн хамгаалалын сайд Т.Ганди, дэд сайд Н.Номтойбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Б.Даажамба болон НХХЯ, СЗХ-ны хоблогдох албаны хүмүүс оролцлоо.
Бэлэн нэг сая төгрөг эсвэл хувьцаа гэсэн сонголтоо хийнэ
Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 116 дугаар тогтоол батлагдсан. Уг тогтоолоор Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд нэмж 536 ширхэг хувьцаа эзэмшүүлэхээр болсон. Мөн эзэмшиж байгаа хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлтэй иргэний өргөдлийг хүлээн авч, иргэдийн нэрс, худалдах хувьцааны тоог нэгтгэн гаргах ажлыг 2012 оны зургаадугаар сарын 1-ний дотор улсын хэмжээнд зохион байгуулахыг НХХЯ-нд даалгасан юм.
Уг тогтоолыг шуурхай хэрэгжүүлэхээр зорилгоор НХХ-ийн сайдын тушаалаар 2012 оны зургаадугаар сарын 1 хүртэлх хугацаанд зохион байгуулж, харъяа агентлаг, аймаг, дүүргийн хэлтсүүдэд хүргүүлэн, иргэний хүсэлтийг энэ сарын 20 хүртэлх хугацаанд авч, мэдээллийг нэгтгэж ирүүлэх чиглэлийг өгч ажиллаж байгаа аж.
Эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлтэй байгаа иргэд өөрийн оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтанд хүсэлтээ гаргах боломжтой. Өргөдлийн загварыг ХХҮГ-аар дамжуулан аймаг, дүүрэг, сум, хороодод хүргэсэн. Хэрэв тухайн иргэн сум, хороонд очиж хүсэлтээ өгөх боломжгүй тохиолдолд хүсэлтийг гэр бүлийн гишүүдээс төлөөлөн гаргаж болно. Төлөөлөн гаргагч нь 16 хүртэлх насны хүүхдийн эцэг, эх, ах, эгч, эмээ, өвөө, асран хамгаалагч харгалзан дэмжигч, 16 ба түүнээс дээш насны иргэний эхнэр, нөхөр, хүү, охин “Нотариатын тухай хууль”-ийн IV дүгээр зүйлд заасны дагуу итгэмжлэгдсэн хүн байх юм байна.
Хэрэв иргэд өмнө нь Хүний хөгжил сангаас хишиг, хувиа бэлэн мөнгө хэлбэрээр авахаар хүсэлтээ гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн бол тухайн иргэнд ногдох хувьцаанаас хасч тооцохыг дээрх тогтоолд тусгасан. Иймд эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлтэй байгаа хүүхэд, иргэдийн хувьд энэ сарын 20-ний дотор амжиж өргөдлөө яаралтай өгөх шаардлагатай байна гэж мэдэгдлээ.
Тэтгэврийн дундаж хэмжээ 222,4 мянган төгрөгт хүрлээ
Засгийн газраас энэ онд ахмад настны тэтгэвэр нэмэгдүүлэх ажлыг хоёр үе шаттай авч хэрэгжүүлэхээр төлөвлөж, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2012 оны Монгол Улсын төсөв болон Нийгмийн даатгалын сангийн төсөвт тус тус тусгуулсан. Үүний дагуу тэтгэвэр нэмэгдүүлэх эхний шатны арга хэмжээг Засгийн газрын 2012 оны 80 дугаар тогтоолоор хэрэгжүүлж, нийт иргэдийн тэтгэврийг хоёрдугаар сарын 1-нээс тооцон ижил 35000 төгрөгөөр нэмэгдүүлснээр дундаж тэтгэвэр 29 хувиар өсч 165,0 мянган төгрөгт хүрсэн. Харин хоёр дахь шатны арга хэмжээний хүрээнд тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэтгэврийн зөрүүг арилгах зорилгоор хэрэглэх цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох шийдвэрийг Засгийн газрын өчигдөрийн буюу тавдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталжээ.
Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хамгийн сүүлд 2007 онд буюу таван жилийн өмнө шинэчлэн тогтоож байсан Энэ удаад иргэдийн тэтгэврээ тогтоолгоход баримталсан олон жилийн өмнөх цалин хөлсийг 2010 оны үнэ, цалин хөлсний жишигт ойртуулах зорилго тавьсан. Жишээ нь, 1990 оны 500 төгрөгийн цалинг 2010 оны 324500 төгрөгийн цалингийн жишигт хүргэхийг зорьж байгаа аж.
2012 оны тавдугаар сарын 1-нээс ийнхүү тэтгэвэр нэмэгдүүлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснээр одоо байгаа 165,0 мянган төгрөгийн дундаж тэтгэврийн хэмжээ 222,4 мянган төгрөгт хүрч өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад 75 хувиар, энэ оны дөрөвдүгээр сарын 1-ны байдалтай харьцуулахад 35 хувиар, 2008 оны дундаж тэтгэвэртэй харьцуулахад 2,3 дахин нэмэгдэх болно. Тэтгэвэр авагч бүрийн тэтгэвэр дор хаяж 23 хувь ба түүнээс дээш хэмжээгээр нэмэгдэх юм. Түүнчлэн хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан бүрэн ба хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг тус бүр 40000 төгрөгөөр нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 180,300 төгрөгт, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 145,200 төгрөгт тус тус хүргэлээ. Энэ нь 2008 оны түвшинтэй харьцуулахад бүрэн тэтгэврийн доод хэмжээ 2,2 дахин, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 2,7 дахин нэмэгдэж байгаа үзүүлэлт юм.
Нийт тэтгэвэр авагчдын 64 хувь нь буюу 193,4 мянган иргэн 1995 оноос өмнө авч байсан цалин хөлсөндөө үндэслэн тэтгэврээ тогтоолгосон бөгөөд эдгээр иргэдийн тэтгэвэр дунджаар 40 орчим хувиар буюу 62,6 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Харин 1995 оноос хойшхи цалин хөлсөнд үндэслэн тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэвэр дунджаар 28 орчим хувиар буюу 48,1 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа аж. Ахмад настнуудын энэхүү тэтгэврийн нэмэгдэж байгаа ч энэ сарын 1-нд олгогдож амжаагүй. Таван сарын сүүл, зургаадугаар сарын эхэнд олгогдох юм байна.
Мөн энэ үеэр ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн талаар Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл өглөө. Хүний хөгжил сангаас Монгол улсын бүх иргэдэд хишиг хувь хүртээх ажил бол уул уурхайн салбараас орж ирж байгаа орлогыг адил тэгш хүртээх асуудал байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх,хүний хөгжил санд тодорхой хэмжээний төсөв төвлөрүүлэхийн тулд Засгийн газар уул уурхайн компаниудаас урьдчилгаа хэлбэрээр мөнгө авч тарааж байгаа. Яг одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настануудад тараах нэг сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэхээр нэмэлт өрөгөдөл, хүсэлтүүдийг авах ажил явагдаж байна. Энийг НХХЯ-наас зохих журмын дагуу гаргаж, Төрийн санд төлбөрийг шийдвэрлүүлэхээр өгсөн. Сангийн яаман дээр хөрөнгө төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Энэ асуудлыг зохих журмын дагуу шийдэж, тавдугаар сарын 15-наас дотогш эхний дөрөвдүгээр сарын төлбөрүүд иргэдийн гар дээр очно гэв.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ