
Чөлөөт, сонгомол бөхийнхний “Лондон-2012” олимпийн эрх олгох тэмцээн дөрвөн үе шатаар үргэлжилж байна. Хамгийн анх 2011 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жин бүрийн тэргүүн зургаан бөх Лондоны визээ өвөрлөсөн бол удаах шат нь тивүүдийн хэмжээнд явагдсаныг сануулах юун. Ази, Европ, Америк тивийн сонгон шалгаруулах тус тэмцээнээс жин бүрийн шилдэг хоёр бөх эрхээ өвөрлөсөн.
Харин эл шатанд бөхийн хөгжлөөр манайхны аймаг сумаас ч дор түвшний Африк, Австрали тивийнхэн тэмцээнээ хамтран явуулж дундаасаа хоёр бөх тодруулжээ. Түүний дараагийн шат өнгөрөгч долоо хоногт Хятадын Тайюаньд өндөрлөж, чөлөөт болон сонгомол бөхөөр жин бүрийн эхний гурав, эмэгтэй бөхөөр эхний хоёрт олимпийн эрх олгоод байна.
Монголчуудын хувьд анхны даваанаас эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жингийн Ж.Чулуунбат, эмэгтэй 63 кг-ийн О.Насанбурмаа нар “боорцогтой” ирсэн бол Астанад болсон хоёрдахь шатнаас хуугаараа гуяа ганзагалан буцсан билээ. Харин Тайюаний дэвжээнд одоо гийгүүлж дөрвийн дөрвөн эрхээр монголчуудаа баярлуулаад удаагүй.
Эрэгтэй 74 кг-ийн жинд П.Өнөрбат тэнд төрийн дууллаа эгшиглүүлсэн бол эмэгтэйчүүд багаараа Лондонд зодоглох болзол хангалаа. Хүнд болон хөнгөн жинд ДАШТ-ий мөнгөн медальт О.Бурмаа, Д.Отгонцэцэг нар алтан медаль, 55 кг-д өмнийн говийн С.Бямбацэрэн мөнгөн медаль зүүж, Лондоны визээ давхар өмчилсөн юм.
Харин FILA-гийн дөрөвдэх буюу сүүлчийн шатны тэмцээн өнөөдөр Финляндын нийслэл Хельсинкд эхэлж байна. Лондонг зүүдлэн буй Монголын таван бөх тэнд хүчээ үзнэ. Тэдний жин үзэлт, сугалаа өнгөрсөн шөнө (Улаанбаатарын цагаар) явагдлаа.
55 кг. Монголчуудын хамгийн ихээр чих тавьдаг эрэгтэй чөлөөт бөхийн гарцаагүй тэргүүн бөх нь өнөөхөндөө Б.Наранбаатар гавьяат. Дэлхийн тэмцээнээс хос медальтай түүний жинд өнөөдөр 20 орны хүчтэнүүд зодоглоно. Манай бөх Мексик, Молдав, Беларусийн залуусыг дийлээд олимпийн эрхийн төлөө Азербайжаны М.Магомедовтой таарах бололтой. Түүнийг анх 2008 оны хавар Улаанбаатарт хожсон ч дахиж хэд таарахдаа ялж үзээгүй яваа. Энэ баримт түүний Лондоны захиалгыг битгий бүдгэрүүлээсэй.
60 кг. Төв аймгийн жирийн айлын хүү Г.Мандахнаран 2010 оны намар-өвлийн зааг хахирган цагаар монголчуудыг нэг сайхан баярлуулж билээ. Гуанжоугийн Азийн наадамд амттай алтан медаль зүүснийг нь одоо ч дурсмаар санагдах. Юутай ч тэрээр жингийнхээ 23 бөхөөс Армен, Канад, өөр нэгийг саадгүй давсаар Лондонд зодоглох эрхээ аваасай гэж хүсэх л үлдлээ. Түүний жингийн шилдэг 17 бөх нэгэнт эрхээ халааслаад байхад №18 юм уу №19 болж чадахгүй бол юу ч гэлтэй билээ.
66 кг-ийн 29 бөхөөс олон улсын хэмжээний мастер Б.Батзориг эрэмбээрээ аман хүзүүнд харагдах юм даа. Түүнийг зиндаархагч этгээд болбоос олимп дэлхийн медальтай Украины Васил Федоришин гэгч. Манай бөх түүнтэй финалд л таарах магадлалтай бөгөөд тэр хүртлээ Израиль, Никарагуа, Кыргызстаны бөхчүүдийг гомдоох нигууртай бөлгөө.
84 кг. 26 бөхөөс залуухан О.Үйтүмэн маань Европийн бөхчүүдийн учраа байх төлөвтэй. Аз ёндоо ивээвэл боксчин амьдаа шигээ болох тохиол түүнд гарах биз. Дундуур зиндааны тэдгээр нөхдөө давамгайлж гэмээнэ дуулимын том наадамд оролцох боломж харагдаж л байна. Дэлхийн аварга М.Ганев, олимпийн дэд аварга Ю.Абдусаломов сугалааны нөгөө хагаст байна гээд бод доо.
96 кг. Азийн бүсийн тэмцээнд манайхнаас хамгийн дээд амжилт үзүүлсэн Д.Хүдэрбулга Хельсинкид барилдана. Астанад олимпийн эрх халааслачихаад 10-хан секундын өмнө буцааж өгсөн алдаагаа энд битгий давтаасай. 21 бөхөөс Германтай эхлээд, түүнийг хожвол Армен, тэгээд Болгар гэхчилэн үргэлжлүүлээрэй.
Эцэст нь “базаад” хэлэхэд энэ удаа 2-3 монгол бөх Лондоны визээ өвөртлөхүйц дүр зураг харагдаад байна.
Б.Цагаанбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ