АНУ дахь монголчууд бүртгэлд хамрагдана

img

АНУ дахь Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах ээлжит 7 дугаар тэмцээн Лас Вегас хотод 2012 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд зохиогдох гэж байгаатай холбогдуулан Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар Иргэний шинэчилсэн бүртгэлийг Лас Вегас хотод 2012 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд хийх болсныг үүгээр мэдээлж байна. Иргэний хишиг, хувь авах итгэмжлэл баталгаажуулах, АНУ-д оршин суугаа тухай тодорхойлолт гаргах, бусад бүх төрлийн итгэмжлэл баталгаажуулах, гэрлэлт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгох, буцах үнэмлэх олгох үйлчилгээ зэрэг үйлчилгээ үзүүлэх юм байна.

Эдгээр үйлчилгээг авахын тулд ямар материал хэрхэн бүрдүүлэх талаарх мэдээлэл, зааврыг манай вэб хуудаснаас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү. Үйлчилгээ авахад шаардлагатай материалыг бүрдүүлж, бөглөхдөө зөвхөн Монгол хэлээр, тэр дундаа эндхийн хаягийг Монгол хэл үрүү галиглан бичиж бөглөнө үү.

ЕКГ-ын веб хуудас: www.sanfrancisco.mfat.gov.mn

Бүртгэл хийх хаяг: 4000 West Flamingo Road, Las Vegas, NV 89103

Харин 16-аас дээш насны иргэд өөрсдийн биеэр ирж бүртгүүлэх шаардлагатай бөгөөд 16 хүртэлх насны хүүхдийг эх нь бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ үндэсний гадаад паспортаа заавал авчрах бөгөөд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ давхар авч ирэхийг зөвлөж байна. Түүнчлэн ургийн овог, Монгол Улс дахь байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаараа тодруулж, заавал мэдсэн байх шаардлагатайг анхаарна уу.

Та бүхнийг Иргэний шинэчилсэн бүртгэлдээ өргөнөөр хамрагдахыг урьж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ