“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 17 дахь тойм
Эмхэтгэлийн шинэ дугаарт, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг Конвенц, түүний нэмэлт болох Хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай Протокол, Шилжин суурьшигчдыг газраар, далайгаар болон агаараар хууль бусаар оруулахын эсрэг Протокол, Галт зэвсэг, бүрдэл хэсэг, эд анги, галт хэрэгслийг хууль бусаар тээвэрлэх, үйлдвэрлэхийн эсрэг Протоколд нэгдэн орсныг соёрхон батлах тухай болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколд нэгдэн орох тухай Монгол Улсын хуулиудыг Протоколуудын хамт бүрэн эхээр нь нийтэллээ.
Мөн дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолоор ийнхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна. Улсын Их Хурал хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 2012 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс товлон зарлаж, санал авах өдрийг 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоожээ. Үүний хамт ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 16,8 тэрбум төгрөгөөр тогтоосон байна.
Төрийн захиргааны зарим албан хаагчдад албан тушаалын зэрэг дэв олгох тухай,Ч.Мөнхбатыг албан тушаалаас чөлөөлсөн тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, түүний ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг Засгийн газрын тогтоолоор баталсан Зохицуулах зөвлөлийн дүрмээр зохицуулах ажээ.
Шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх авто замын барилгын болон технологийн хяналт хийх зөвлөхийн ажлын жагсаалтыг, түүнчлэн Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулах хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор тус тус баталсан байна. Эдгээр жагсаалттай эмхэтгэлийн шинэ дугаараас танилцах боломжтой.
Хүний эрхийн Үндэсний Комиссоос бэлтгэсэн Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх удаагийн илтгэлийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтэллээ.
Энэ удаагийн илтгэл Хүний эрхийн Үндэсний Комиссын хийсэн хяналт шалгалт, судалгаа, гаргасан шаардлага, зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагуудаас авсан арга хэмжээний талаарх тоо баримт, мэдээлэл, ажлын тайлан, иргэний нийгмийн байгууллагуудын мэдээлэл, судалгаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан материал болон иргэдээс Комисст хандан гаргасан гомдолд үндэслэн боловсруулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ