Хамгаалалтын захиргаадын мэдээлэл
Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаадаас ирүүлсэн мэдээллийг хүргэе.
Тахь нутагшуулах эрдэм шинжилгээний төв “Б” хэсэг: Хяналт шалгалтын үеэр зөрчил илэрсэнгүй. Хонин ус болон Тахь усанд байгаль хамгаалагчдын байр барих үйл ажиллагаа 10 сарын 12-нд эхэллээ. Байгалийн гарц муу байгаа тул говийн ан амьтан баруун хойд хэсэгт гарч байна. Тус хэсэг болох Халзан бүргэдэй уулын өвөр тал, Тахь усны ойролцоо нутагт 2500 гаруй хулан, 160 гаруй хар сүүлт зээр байна.
Богдхан уулын УТХГ: Самар түүхээр Түргэний амны эх Их цагаан ууланд гарч байрласан Төв аймгийн 58 иргэн, 11-43 ТӨВ, 25-65 УБЦ улсын дугаартай 2 автомашиныг уулнаас буулган зөрчлийг таслан зогсоов. Мөн хамгаалалтын хашааг эвдэж орсон автомашины жолооч нараар хашааны эвдэрсэн хэсгийг засуулж зөрчлүүдийг арилгууллаа.
Хан Хэнтийн УТХГ: Тусгай хамгаалалттай газрын орчны бүс, Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын нутаг Чин чулууны уулын зүүн урд 10 км-ын зайд Овоотын тархи гэдэг газарт 2011.10.9-нд гарсан түймэрт Зүүнхараа, Баруунхараагийн ОБЕГ-ын 20 албан хаагч, орон нутгийн 24 хүн, байгаль хамгаалагчийн хамт ажиллаж, 10 дугаар сарын 13-ны өдөр цурманд оруулан унтраалаа.
Дорнод Монголын УТХГ: Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран “Зэрлэг амьтдын хууль бус хулгайн ан, худалдаатай тэмцэх эргүүл хяналт, шалгалт”-ын 6 сарын ажил зохион байгуулж байгаа. Энэ ажлын хүрээнд аймгаас орж гарч төв замуудаар зорчиж буй машинуудад шалгалт хийж байна.
Отгонтэнгэрийн УТХГ: Тарвагатайн нурууны БЦГ, Идэр сумын Манустай багийн Сэвжидбалбар уулыг тахих ёслол болов. Идэр сумын байгаль хамгаалагч Г.Шаравжамц тахилга зохион байгуулах ажлын хэсэгт ажиллаж, 120 гаруй иргэнд хамгаалалтын захиргааны горим дэглэмийг сурталчилж, авлага тараан өгөв.
Увс нуурын УТХГ: Ханхөхийн БЦГ-т ойн санд арчилгаа хийх гүйцэтгэгч шалгаруулах тендер зохион байгуулж, дөрвөн аж ахуйн нэгж, нөхөрлөлийг гүйцэтгэгчээр шалгаруулав. Гүйцэтгэгчидтэй хийх гэрээг аймгийн засаг даргаар батлуулж, ойн ангиар тусгай тусгаарлалт хийлгэн, мод бэлтгэх ажлыг эхлүүлэхэд бэлэн болголоо.
Хөвсгөлийн УТХГ: Хамгаалалт хяналт шалгалтыг 18 байгаль хамгаалагч гүйцэтгэлээ. Гал түймрээс урьдчилан сэргийлэх, ойн тухай хуулиар иргэний хүлээсэн үүрэг болон ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний талаарх ухуулга сурталчилгааг 375 хүнд хийв.
Хар-Ус нуурын УТХГ: Ховд, Говь-Алтай аймгуудын малчдын нөхөрлөл хамтран гар урлал, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдааг Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран зохион байгууллаа. Хамтарсан үзэсгэлэн худалдаа 2011 оны 10-р сарын 10-нд Ховд аймгийн “Малын хишиг” дэлгүүрт болсон.
Хустайн нурууны БЦГ: БЦГ-ын орчны бүсийн 3 сум болох Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын малчдын уламжлалт хурлыг тус хамгаалалттай газар 10-р сарын 13-15-нд зохион байгуулав.
Хөгнө Тарнын БЦГ: ТХГН-т хамрагддаг сумдын нийгэм-эдийн засгийн судалгааг хамгаалалтын захиргааны судалгааны мэргэжилтэн, Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийг сааруулах судалгааны төвийн судлаачид хамтран гүйцэтгэлээ.
Мөнххайрханы БЦГ: Намрын байгаль хамгаалах сарын аяны хүрээнд Ан, агнуурын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, байгаль хамгаалах орчин үеийн аргууд, усны тухай сэдвээр цуврал хичээл зохион байгуулж, иргэд, нөхөрлөлүүдийг хамруулав.
Орхоны хөндийн БЦГ: Өвөрхангай аймгийн МХГ-аас ОХБЦГ-ын хамгаалалтын захиргаанд хэрэгжүүлж буй ТХГН-ын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, биологийн төрөл зүйлийн судалгааны явц, хяналт шалгалтын материал болон байгаль хамгаалагчдын ажилтай танилцан цаашид хэрхэн ажиллах талаар зааварчилгаа өгөв.
Их Богд уулын БЦГ: Эрдэнэцогт сумын байгаль хамгаалагч Н.Энхтүвшин сумын байгаль орчны албатай хамтран Өртөмтийн хойд урд салаа болон Өвгөн жаргалант, Намын гол зэрэг газраар хяналт шалгалт хийв. Энэ үеэрээ 30 гаруй өрхөд хуулийн ухуулга танилцуулга өгөв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ