
Монголын драмын урлагт сүүлийн үед түүхэн сэдэвтэй жүжгүүд хүч түрэн орж ирж байна. Тэдгээр жүжгийн зохиолчдын дунд авьяаслаг сэтгүүлч бас хүч түрэн гарч ирсэн нь Битогтохын Цогнэмэх билээ. Түүний “Тэнгэрийн хүү” жүжиг энэ жилийн “Гэгээн Муза” наадмын шилдэг зургаан номинацид шалгарч, улмаар Гран при шагнал хүртсэн юм.
Нийт 11 жүжгийн 60 гаруй уран бүтээлч өрсөлдсөнөөс суурь номинаци болох драмын жүжгийн төрөлд тэргүүлж, оны шилдэг жүжгийн зохиолчоор Б.Цогнэмэх тодорлоо. Мөн СТА Н.Наранбаатар оны шилдэг жүжгийн найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од оны шилдэг хөгжмийн зохиолч болж, шилдэг эрэгтэй туслах дүрээр жүжигчин СТА Г.Эрдэнэбилэг Хүн гүрний шанью Модуны дүрээр шалгарав. Мөн гавьяат жүжигчин У.Уранчимэг шилдэг эмэгтэй дүрийн эзэн болсон бол шилдэг эрэгтэй туслах дүрээр СТА С.Болд-Эрдэнэ тодорсон юм.
Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн монголчуудын дээд өвөг Хүн гүрнийг манай тооллын өмнөх 209 онд Модун шанью байгуулсны 2270 жилийн ойд зориулсан энэхүү жүжгийн амин сүнс нь “Газар бол улсын үндэс” гэсэн их хааны үг билээ. Үнэхээр Модун шанью хаан төрийг барихдаа нэгэн биеийн жаргалыг болоод эцэг Түмэн шаньюгийн амийг ч үл огоорон төрийг төвхнүүлж, улс гэрийг өргөтгөн батжуулсан нь үнэхээр бахдалтай. Хүн төрөлхтөний түүхэнд төрт ёсыг үндсэлсэн Хүн гүрний их хааны үзэл бодол өнө мөнхөд оршихын утга учрыг тод томруун агаад товч тодорхой нээн харуулснаараа түүхэн сэдэвт жүжгийн зохиолуудаас толгой цохисон нь лавтай.

Аугаа сэдвийг зоригтой барьж авсан зохиолыг тайзнаа амиуулахад Улсын драмын академик театрын уран бүтээлчдийн элэг нэгтэй сэтгэл зүтгэл, нэгэн цагийн зохиолч, найруулагчийн омогшил үзэгчдийн сэтгэлийг ч огшоосныг нуух юун.
“Гэгээн Муза” наадмын гурван шилдгийг шил дараалан хүртсэн сэтгүүлч Б.Цогнэмэх, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, найруулагч Н.Наранбаатар болон тайзны зураач Ж.Ганхуяг бүгдээрээ туулай жилтэн бөлгөө. Тэд чухамдаа 37-ны туулай жил дээрээ чухам цахиур хагалав. Энэ цахиурыг хагалахад унтах нойрыг хулжааж, идэх хоолыг умартан их тайзнаа өнжин хонон уран бүтээлийн галыг өрдсөн гэдэг.
Тэр галын дөлөнд өөрсдийгөө чамлах тутам чанагдаж, үзэгчийн нүдээр бүдүүн бараг авч шулуухан хэлэхэд өөх мах нь алагласан амттаныг театрын ширээнээ өрөв.
26 зүйлт түүхэн сонгодог “Тэнгэрийн хүү” жүжигт хаан төр гэдэг агуу хүчирхэг атлаа эмзэг гэдгийг сэтгэл цочирдом хурцаар илэрхийлжээ. Жүжгийн тайзыг хос далавчийн дэвэх адил шалнаас дээш дэлгээтэй өгсүүр маягаар зассан нь үзэгчдэд алсаас уужимхан үзэгдэнэ.
Нэг үгээр илэрхийлбэл алган дээр тавьсан мэт тодорхой харагдана. Бага зайд их үйл явдал элбэг өрнөх ажээ. Их цэргийн аян замд довтолгож буй, ид тулалдааны үеийн гардан тулаан зэрэг олон үйл явдлыг төвөггүй багтаасан нь арын албаныхны нөр хөдөлмөрийн илэрхийлэл буйзаа.
Жүжгийн төгсгөлд “Газар бол улсын үндэс” хэмээх Тэнгэрийн хүү Модун шаньюгийн агуу үгийн гүн утга тайлагдаж байна. Зохиолч Б.Цогнэмэх энэ бүтээлээ удахгүй дэлгэцнээ амилуулах бодолтой буйгаа дуулгав. Тэнгэрлэг уран бүтээлчдийн сэтгэл ч энэ зүгт шулууджээ.
Х.Ариунбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ