Н.Энхбаяр хугацаагүй өлсгөлөн зарлалаа
МАХН-ын дарга Н.Энхбаяр Төв аймгийн Цагдан хорих төвд өлсгөлөн зарлажээ. Ямар үндэслэлээр өлсгөлөн зарлах болсон тухай өмгөөлөгч О.Баасанхүү дараахь тайлбарыг хийж байна.
-Н.Энхбаяр хэзээнээс өлсгөлөн зарлаж байгаа юм бэ?
-МАХН-ын дарга Н.Энхбаяр хэд хэдэн шаардлага тавьж өнөөдөр 07.00 цагаас эхлэн өлсгөлөн зарласнаа албан ёсоор мэдэгдсэн. Энэ тухайгаа ШШГЕГ, Прокурорын байгууллагад хууль ёсны дагуу дуулгасан гэж бодож байна. Экс Ерөнхийлөгч хэд хэдэн шаардлагыг тавьсан. Нэгдүгээрт улс төрийн хэлмэгдүүлэлтээ зогсоох, хоёрдугаарт Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох боломжоо хангуулах, гуравдугаарт хуулийн өмнө хүн бүр адил эрх тэгш үйлчлүүлэх, дөрөвдүгээрт хууль бусаар цагдан хорьж буйгаа нэн даруу зогсоохыг хуулийн байгууллагаас шаардаж байгаа. Өлсгөлөн зарласнаас хойш ямар нэгэн байдлаар хүчээр эмчилгээ хийх оролдлого хийхгүй байхыг сануулсан. Н.Энхбаяр төрийн тусгай хамгаалалтад байдаг учраас хоёрдугаар эмнэлгийн хоёр эмчийн хяналтан дор хугацаагүй өлсгөнгөө үргэлжлүүлнэ.
-Яагаад хууль бусаар хорьсон гэж үзэж байна вэ?
-Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилсан нь анхнаасаа хуулийг зөрчсөн үйлдэл байсан. Өчигдрийн хуралдаан ч гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8.1, 8,2-ийг зөрчсөн. Хуралдаан болохоос долоо хоногийн өмнө хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчаас яллагдагчаар татаж байна гэсэн тогтоолоо үйлдээд шүүхэд 72 цагийн өмнө хүргүүлэх ёстой байдаг. Мөн өмгөөлөгчид нь танилцуулах ёстой. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх тухай (ЭБШТ) хуулийн 36 дугаар зүйлд яллагдагчаар татсан тогтоолыг гаргаад сонсгосон тохиолдолд л шүүхээс яллагдагчаар татаж шийдвэр гаргадаг юм. Хууль зөрчсөн шийдвэр гаргасан бол дараагийн шатны шүүгчид гомдол гаргаж болдоггүй юм уу? - Давж заалдах гомдол гаргахад арав хоногийн хугацаа шаардлагатай байдаг. Өнөөдөр хугацаа нь дуусч байгаа учраас үдээс хойшдоо багтаад гомдол гаргана.-Н.Энхбаярын хэргийн мөрдөн байцаалт дууссан юм биш үү?
-Хэрэг гэж юм байхгүй шүү дээ. Н.Энхбаяр даргыг яллагдагчаар тооцох тогтоолтой танилцуулаагүй байж яллагдагч болгож байна. Мөн Н.Энхбаяр сэжигтнээр тооцсон тогтоолд ч гарын үсгээ зураагүй. Хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байтал хүчнийхэн хүчээр яллахаар улайрч байна.
-Өмгөөлөгч нар нь хэрэгтэй нь танилцаж байгаа юм уу?
-Гурав хоногийн дотор хавтаст хэрэгтэй танилц гэсэн гэнэ лээ. Тэгэхээр таван сардаа багтаад миний үйлчлүүлэгчид үүсгэсэн зохиомол хэргээ шүүх рүү шилжүүлэх юм шиг байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ