БНХАУ-ын Эрүүл мэндийн сайдын айлчлал өндөрллөө

img

Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарын урилгаар БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд Чэн Жү тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 2-4-ний хооронд манай улсад айлчилсан.  Айлчлалын үеэр хоёр улсын Эрүүл мэндийн яамд хоорондын 2012-2016 онд хамтран ажиллах төлөвлөгөөг баталсан юм. Айлчлалын эхний өдөр Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар Чэн Жү сайдыг ЭМЯ дээр хүлээн авч уулзан хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэн ярилцаад дараагийн дөрвөн жилд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Айлчлалын хоёрдахь өдөр Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд Чэн Жү тэргүүтэй төлөөлөгчдийн хамт ЭМЯ-ны харьяа Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвд зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус төвд Бээжин хотын Хорио цээр, хяналтын академиас 2011 онд бэлэглэсэн 14 нэр төрлийн 700 мянган юань буюу 130 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр тоноглосон  хамтарсан лаборатори болон төвийн нян судлал, вирус судлалын лаборатори хэрхэн ажиллаж байгааг зочид үзэж сонирхсон байна. Мөн өдрийн үдээс хойш Монгол Улсын Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон Чэн Жү сайдын хамтаар ЭМШУИС-д зочилжээ. БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд цусны эмгэг судлаач, молекул биологич мэргэжилтэй, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор хүн аж. Цусны хорт хавдрын судалгаанд өөрийн бүхий л хөдөлмөрөө зориулж, хүний хавдрын эмчилгээнд дэвшил гаргаснаараа дэлхийд танигдсан энэ эрдэмтний нийт 200 гаруй эрдэм шинжилгээний бүтээл хэвлэгдсэнээс 100 гаруй нь дэлхийн хэмжээний мэргэжлийн шилдэг сэтгүүлүүдэд нийтлэгдсэн байна. Чэн Жү сайдыг ЭМШУИС-д зочлох үеэр тус сургуулийн Эрдмийн зөвлөлөөс түүнд Хүндэт профессор цол олгосныг Ерөнхий захирал Ц.Лхагвасүрэн гардуулан өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ