Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв Я.Мөнхчулуун доктороор овоглолоо

img

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв /ХНМӨСҮТ/-ийг тус төвийг үндэслэгчдийн нэг, Монгол Улсын хүний гавьяат эмч, доктор Ядамын Мөнхчулууны нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн юм. Энэхүү тогтоолыг  ёслон тэмдэглэх ажиллагаа өчигдөр болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд ХНМӨСҮТ-ийн хамт олон болон Я.Мөнхчулуун докторын гэргий Д.Дуламсүрэн, ууган хүү М.Зоригт зэрэг гэр бүлийнхэн нь, мөн түүний төрсөн нутаг болох Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Ч.Улаан, аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, НХХ-ийн сайд Т.Ганди, УИХ-ын гишүүн С.Оюун нарын олон зочид уригдан ирсэн юм.   Амьдралынхаа 40 гаруй жилийг анагаах ухааны салбарт, тэр дундаа мэргэжлээс шалтгаалах өвчин судлалыг хөгжүүлэхэд зориулсан Я.Мөнхчулуун нь 1938 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн бөгөөд дотооддоо болон гадаадад анагаах ухааны их сургууль, мэргэжлийн курсуудыг амжилттай дүүргэжээ. Тэрээр 1964-1976 онд Налайх хотын нэгдсэн эмнэлэгт дотрын эмч, зүрх судасны эмч, ерөнхий эмч, Налайх хотын эрүүлийг хамгаалах хэлтсийн даргаар, 1977-1991 онд улсын үйлдвэрийн эмнэлэг, мэргэжлээс шалтгаалах өвчний улсын диспансерийн даргаар, 1991 оноос хойш тус төвийн зөвлөх эмч, “Мэргэжлийн өвчин судлалын сектор”-ын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан аж.   Уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж буй өнөө үед түүнээс урган гарах олон сөрөг үр дагаварын нэг нь тус салбарт ажиллагсдын дунд элбэг тохиолдох уушги тоостох өвчин юм. Ажил, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн дунд зонхилох байрыг эзэлдэг уг өвчнийг хэрхэн эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар нарийн судалгаа хийж, тодорхой үр дүнд хүрсэн, энэ чиглэлийн анхны эрдэмтэн, ахмад багш, доктор Я.Мөнхчулууны хөдөлмөр, зүтгэлийг Монгол улсын Засгийн газар өндрөөр үнэлж, 2005 онд  “ Хүний гавьяат эмч” цолоор шагнаж байжээ. Харин энэ удаа Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийг түүний нэрэмжит болгон өргөмжиллөө.   Я.Мөнхчулуун докторын үр хүүхдүүд аавынхаа эхлүүлсэн үйл хэргийг үргэлжлүүлэхээр хоёр жилийн өмнө “Мөнхчулуун” санг байгуулсан юм.  Энэхүү сан нь хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээс шалтгаалах өвчний оношилгоо, шинжилгээ, судалгааны ажлыг хөхиүлэн дэмжиж, шинжлэх ухааны ололт, техник технологийн дэвшил, эмчилгээний арга зүйг Монголдоо нэвтрүүлэхэд анхаарч, энэ талаар ажиллаж буй мэргэжилтнүүдэд туслалцаа үзүүлэхийг зорин ажилладаг байна.   П.Наран  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

OYUN awgai yu bilee de!!! Esgii hiih gazar nohoi hereggui gegcheer S.Byar chamaig uruunduu duudaj bgaa biz de!!!!
2012-05-05