
Иргэд, олон нийтээс гаргасан санаачлагыг дэмжиж Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн тавдугаар сарын эхний бямба гарагийн амралтын өдрийг “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болгон үндэсний хэмжээнд зохион байгуулах болсон. Энэ жилийн бүх нийтийн сайн дурын хөдөлмөрийн өдрийг Засгийн газраас зарласан “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажилтай уялдуулан “Өрхийн хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор орон даяар зохион байгууллаа.
НХХЯ-аас нэг өдрийг эрүүл, аюулгүй орчин бий болгох, хот сум суурингаа цэцэрлэгжүүлж, тохижуулах, дэд бүтцийг нь сайжруулах, аж ахуйн нэгж байгууллагууд энэ өдөр ажиллаж хуримтлуулсан хөрөнгөөр орон нутаг, байгууллагынхаа орлого багатай, ядуу өрхүүдийн хөгжлийг дэмжих, тэдний ажиллаж амьдрах орчин нөхцөлийг нь сайжруулах, ажилгүй иргэдийг ажлын байр, ажил мэргэжилтэй болоход нь туслах, нийтийг хамарсан ажилд хамруулж орлогожуулах зэргээр өрх гэр бүлд чиглүүлэн ажиллахыг уриалсан юм. Өнөөдөр 12.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 29.5 мянган хүн сайн дураар ажиллаж байна гэсэн урдчилсан мэдээ гарсан аж. Уг арга хэмжээний хүрээнд аж нэгж байгууллага, иргэд нийтийн эзэмшлийн зам, талбай, хүрээлэн байгаа байгаль орчноо тохижуулах, цэвэрлэх, моджуулах, зүлэгжүүлэх зэрэг ажлаас гадна “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” бий болгосон орлогоосоо хандивлах, гэр авч өгөх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд ном, тоглоом хандивлах зэрэг ажлуудыг зохион байгуулж байгаа талаар мэдээллээ ирүүлжээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам энэ өдөр Нийслэлийн Халамжийн газартай хамтран “Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх эмчилгээ сувилгааны цогцолбор Нөхөн сэргээх төвийн шавыг тавилаа. Ахмад настан болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төв нь ашиглалтанд орсноор жилд дунджаар 5760 хүн нөхөн сэргээх үйлчилгээнд хамрагдан, амарч сувилуулах боломж бүрдэх юм. Тус төвийг барьж байгуулахад шаардагдах 3,5 тэр бум төгрөгийг төсөвт тусгуулсан бөгөөд 2013 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байна.
Мөн энэ өдөр НХХЯ-ны хамт олон тус яамны харъяа Хүүхэд хамгааллын төвийн гадна орчны тохижилтын ажлыг хийж хүүхдүүдийг эрүүл, цэвэрхэн тохилог орчинд амьдарч, тоглох, суралцах нөхлийг бүрдүүлжээ. Түүнчлэн тус яамнаас эхлүүлсэн “Шилжилт хөдөлгөөн ба орцон дахь гэр бүл” төслийн хүрээнд энэ онд эхний ээлжинд есөн дүүргээс сонгогдсон орцонд жижүүрээр ажиллаж, амьдардаг 30 өрхийг хямд өртөг бүхий орон сууцтай болгох ажлыг эхлүүлэхээр СХД-ийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгонд баригдах орон сууцны газрыг засч, тохижуулах ажлыг мөн зохион байгууллаа. Уг арга хэмжээнд НХХЯ-ны ажиллагсад, СХД-ийн Засаг дарга, Монгол Хабитат байгууллага болон төсөлд хамрагдах иргэдийн төлөөлөл оролцож хямд өртөг бүхий орон сууцтай болоод зогсохгүй багахан аж ахуй эрхлэх боломж олдсонд баяртай байгаагаа илэрхийлэв.
Харин “Өрхийн хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулагдсан “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-ийн 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 110,7 мянган хүн ажиллаж, 1,3 тэр бум төгрөгийн ажил үйлчилгээг хийж гүйцэтгэжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ