
Олон улсын жүдо бөхийн холбооноос өчигдөр Лондон-2012 олимпийн эрхээ шууд хүртэж буй 252 тамирчны нэрийг зарлалаа. Эдгээр тамирчид сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий, тивийн хэмжээний тэмцээнүүдэд үзүүлсэн өндөр амжилтаараа эрэгтэйчүүдийн жин бүрийн шилдэг 22 (22 x 7 = 154 эрх), эмэгтэйчүүдийн шилдэг 14 (14 x 7 = 98 эрх) нь энэхүү болзлыг хангажээ. Уг жагсаалтад багтсан жүдочийг солихоор болвол зөвхөн энд багтсан хүмүүсээр нь л солих ёстой. Тухайн жинд нэг улсаас олон хүн багтсан тохиолдолд хэнд итгэл үзүүлэхээ улс нь шийдэх ажээ. Жагсаалтыг бүрэн эхээр нь http://www.ijf.org/ вэб хуудаснаас үзэж болох юм.
Манай улсаас Дэлхийн чансааны тэргүүнд багтсан жүдочдыг танилцуулвал:
Эмэгтэй
48 кг 5.М.Уранцэцэг 690 оноо
52 кг 2.М.Бундмаа 1302 оноо
63 кг 7.Ц.Мөнхзаяа 814 оноо
-78 кг 7.П.Лхамдэгд 900 оноо
Эрэгтэй
60 кг 9.Д.Төмөрхүлэг 596 оноо 12.Г.Болдбаатар 594 оноо 15.Ч.Болдбаатар 550 оноо
66 кг 2.Х.Цагаанбаатар 1164 оноо 9.С.Мияарагчаа 890 оноо
73 кг 5.С.Ням-Очир 860 оноо
-100 кг 5.Н.Түвшинбаяр 896 оноо 13.Б.Тэмүүлэн 622 оноо
Энэхүү 12 монгол жүдочоос найм нь л олимпийн эрх хүртэн, Лондонд очно. Түүнчлэн ОУЖБХ-ноос тивийн эрх хэмээгч ангиллаар дахин 100 жүдочийг сонгон Лондонд зодоглуулах бөгөөд үүний тулд шууд эрх хүртэж чадаагүй бөхчүүдийн жагсаалтыг дахин гаргана. Энэ жагсаалтаар нэг улсаас нэг л жүдочийг сонгох учиртай. Монгол Улсаас эмэгтэйчүүдийн 57 кг-ийн Д.Сумьяа, 70 кг-ийн Ц.Наранжаргал нарын оноо тун ойролцоо бий. Гэхдээ арай бага биетэй Д.Сумьяа нь арай илүү оноотой. Тэрхүү 100 азтаны нэрийг ойрын өдрүүдэд зарлах аж.
Ийнхүү Монголын баг тамирчдын Лондон-2012 олимпийн нийт эрх 28 боллоо.
Б.Цагаанбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ