Челси цомын эзэн боллоо

img

Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний аваргын төлөө тоглолт өнгөрсөн шөнө алдарт Уэмбли цэнгэлдэхэд явагдлаа. Аваргын төлөө хагас шигшээд Тоттенхэмийг 5:1-ээр илт давуу буулгаж авсан Челси болон Эвертонг 2:1-ээр хожсон Ливерпуль клубууд тэмцэлдсэн юм. Энэ тоглолтын 11 дэх минутад Челсигийн хагас хамгаалагч Рамирес өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулснаар тооны харьцааг нээсэн. Улмаар Дидье  Дрогба 52 дахь минутад тооны харьцааг 2:0 болгосон ба Ливерпулийн Энди Кэрролл 64 дэх минутад гоолдож улаануудын найдварыг бий болгосон юм. Гэсэн хэдий ч ямар ч багийн эсрэг гайхалтай хамгаалалтыг  үзүүлж чаддаг Челсичүүд онооны давамгайллаа хадгалсаар цагийг дуусгаснаар сүүлийн зургаан жилд дөрөв дэх удаагаа Английн хөлбөмбөгийн холбооны цомын аварга болж чадлаа. 2007 онд Челси Манчестер Юнайтедыг 1:0-ээр, 2009 онд Эвертонг 2:1-ээр, 2010 онд Портсмутыг 1:0-ээр хожин тус тус Английн хөлбөмбөгийн холбооны цомын аварга болж байсан билээ. Челси клуб одоогоос хоёр жилийн өмнө энэ цомыг Премьер лигийн аваргын цомтой хамт хосоор нь хүртэж байсан түүхтэй. Хэдийгээр Премьер лигийн шөвгийн дөрөвтөө багтах эсэх нь эргэлзээтэй болоод байгаа ч Челси өнгөрсөн шөнө хүртсэн цомтойгоо Аваргуудын лигийн аваргын цомыг ихэрлүүлэх магадлал тун өндөр буй. Тун удахгүй буюу тавдугаар сарын 19-нд хөлбөмбөг сонирхогчдын тэсэн ядан хүлээж буй тоглолт  болох Аваргуудын лигийн шигшээ тоглолтод Челси клуб германы Байерн Мюнхентэй тулна. Мюнхен хотын Аллианц Арена цэнгэлдэхэд болох энэ тоглолтод Челси ялвал 2008 онд Москвад бүдэрсэн алдаагаа засаж анх удаагаа Аваргуудын лигийн аварга болох юм. Хэрэв германчууд хожвол Байерн Мюнхен клуб тав дахь удаагаа лигийн аваргаар тодорно. Ийнхүү итали эрхэм Роберто ди Маттеогийн удирдлага дор Челси клуб өнгөрсөн шөнө ямартай ч  энэ улирлын эхний цомоо өргөлөө. Харин 19-нд яах бол. О.Нар    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ