Номын баяр болно
Хаврын энэ л өдрүүдэд эрдэм номын ертөнцийнхөнд томоохон баяр тохиодог. Их дээд сургууль төгсөгчдийн хувьд хонхны баяраар амьсгалж байхад харин номын ертөнцийнхөн өнгөрсөн хагас жилд шилдэг нь байж чадсан бүтээлээ дэлгэж, шинэхэн ном, сэтгүүлээ уншигчдад танилцуулан “төгсөлтийн баяраа” хийдэг билээ. Энэ нь зохиолч, орчуулагч, ном шимтэн уншигч болон, ном хэвлэх, худалдаалагчдын хувьд тэсэн ядан хүлээдэг гэгээн баяр нь байдаг юм. Тэднийг “Номын Соёлт Ертөнц ТББ”- аас уулзуулдаг болсоор удаж байгаа нь энэ. 10 дахь удаагийн энэхүү баяр энэ сарын 15-нд эхлэх бөгөөд Монголын Залуучуудын Холбооны хурлын танхимд гурван өдөр үргэлжлэх юм байна. Энэ удаагийн “Номын баяр”-ын өвөрмөц онцлог нь сэтгүүлчдын бүтээл онцгой байр суурь эзлэх гэнэ. Мөн “Номын” гэх тодотголтой уран бүтээлчид хамтран зохион байгуулж байгаа юм. Номын баярын бас нэгэн онцлог нь үзэсгэлэн худалдаанд тавигдаж байгаа бүх номондоо 5-50 хувь хямдрал зарладаг нь уншигчдыг урин дууддаг. Түүнчлэн зохиогчид гарын үсэгтэй худалдаагаа хийн, шинэ номын санаа сэдлээ эрэлхийлэн, дахин бичих эрч хүчийг уншигчдаасаа олж авдгаараа бас нэгэн давуу тал билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ