Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр 14.00 цагаас МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар, Н.Удвал, Н.Энхбаярын туслах Б.Тулга, хуулийн зөвлөх Э.Эрдэнэжамъян, МАХН-ын залуучуудын холбооны тэргүүн А.Энхболд нар хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийн үеэр Э.Батшугар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын дарга М.Ганхүүд өргөдөл гаргаж байгаагаа дуулгасан байна. Тэрбээр “Миний аав Намбарын Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр 461-р хорих ангид одоо хоригдож байна. Уржигдраас хуурай өлсгөлөн зарласан.
Одоогоор миний аав хуурай өлсгөлөн зарлаад 51 цаг, хоол идэлгүй 72 цаг болж байна. Энэ нь амь нас эрүүл мэндтэй нь шууд холбоотой боллоо. Мөн бидний эцэг хүүхдүүд байх хувь тавиланд ч гэсэн аймшигт хагацал тохиож мэдэхээр байна.
Хүүгийнх хувьд би аавтайгаа уулзах хүсэлтэй байна. Хамгийн сүүлд дахиад л хүнээр дамжлуулсан хэвтээ байдалтай харлаа.
Аавын минь нэгэнтээ эхлүүлсэн үйл хэрэг ард түмний дэмжлэг авсан. Эргэж буцахааргүй болсон гэдгийг шударга ёсыг хүсэмжилж байгаа ард иргэдээс мэдэрч байна. Монгол түмэн аавд минь итгэдэг юм байна гэдгийг хэлье гэж бодож байна.
Эх орон, шударга ёсны төлөө тэмцэж амь насаараа дэнчин тавин өлсгөлөн зарлаж байгаа зориг тэвчээрээр нь бахархаж байна.
Иймд үр хүүхдүүд бид аавтайгаа уулзах хүсэлтэй байна” гэсэн өргөдлийг сэтгүүлчдэд уншиж өглөө. Түүнчлэн хуульч Э.Эрдэнэжамъян хэлэхдээ ”Монголд АТГ гэдэг жинхэнэ дарангуйлагч гараад иржээ. Өнөөдөр хүн алаад цаазын ял авчихсан хүн гэр бүлийнхэнтэйгээ уулзах эрхтэй байдаг юм. Гэтэл АТГ-ынхан Н.Энхбаярыг гэр бүлийнхэнтэй нь уулзуулахгүй оролдлого хийж байна. Өчигдөр хууль хяналтынхан бид амарч байна гэж утсаа унтраасан учраас уулзаж чадахгүй байгаа талаар албан ёсны тайлбар авч чадаагүй. Түүнчлэн ЭМЯ-наас томилогдон очсон эмчтэй нь уулзаж Н.Энхбаярын биеийн байдал ямар байгаа талаарх мэдээллийг авах гэтэл тэд бидэнтэй уулзаж мэдээлэл өгөөгүй. ШШГЕГ-ынхан Н.Энхбаярын бие эрс муудлаа эмч нарын багийг оруулаач хэмээн биднийг шаардахад шөнөжин хүлээлгээд үүрээр л эмч нарыг оруулсан. Яагаад та нар эмч нарыг саатуулж байгаа юм бэ гэж асуухад “Хэрвээ эмч нарыг оруулсан бол хууль зөрчсөн үйлдэл болно” гэх тайлбарыг өгсөн" гэл ээ.
Харин Н.Удвал “Монгол улс цагдаажсан, цэрэгжсэн хүний эрхийг уландаа гишгэсэн улс болжээ. 1937, 1963, 1964 онуудад Монгол улс улс төрийн хэлмэгдүүлэлт хийж зон олноо олноор хядаж, амь амьдралыг нь сүйрүүлж хөдөө нутагт цөлж байлаа. Харин энэ хэлмэгдүүлэл ардчилсан гэсэн тодотгол зүүсэн 21-р зуунд адвтагдаж байгаа нь аймшигтай байна. Би энд ганцхан Н.Энхбаяр гэдэг хүнийг ч яриагүй. Цагдаа тагнуулынхан манай намд бүртгэлтэй бүх гишүүдийн бүртгэлийг надаас авахыг шаардсан. Яагаад шаардаж байгаа юм гэтэл танайхан сонгуулиар үймээн самуун тарьж магадгүй тиймээс урьдчилан сэргийлнэ гэж мэдэгдсэн гэсэн тайлбарыг өгсөн. Тэд одоо ганц Н.Энхбаярыг бус МАХН-ыг тэр чигээр нь хэлмэгдүүлэх гэж байна” гэв.