Нийслэл хотыг тойрсон, иргэдэд тулгамдсан түм буман саад бэрхшээлүүдээс гарах гарцыг бид бүхэн хайсаар. Энэ удаад тэдгээр асуудлуудыг дахин хөндөж “Монгол 999 Үндэсний Нэгдэл” ХК- ийн ТУЗ- ын дарга, “Монгол базальт”ХХК-ийн захирал Л.Ариунболдтой уулзаж ярилцлаа.
- Улаанбаатар хот хамгийн хүйтэн, хамгийн заваан, агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрсэн, эмх цэгцгүй гээд хамгийн муухай бүхний үүр уурхай болсон газар болчихлоо. Энэ бүхнийг цэгцлэж хот шиг хот болгох найдвар ер нь бий юу?
- Улаанбаатар хот жилээс жилд өргөжиж бизнес, санхүүгийн томоохон төвийн хэмжээнд хүрлээ. Энэ төвлөрлийг дагаад маш олон хүн энэ хотоос амьдарлаа залгуулах гэж мэрийж байна. Бүгд л хотруугаа нүүж байна. Энэ нь хотын оршин суугчдын ая тухтай амьдрах бүх нөхцөлийг үгүй хийсэн явдал болж байгаа нь харамсалтай юм. Одоогийн байдлаар Улаанбаатар хот бол ямар ч үнэ цэнэгүй хот. Нийт хүн амын тэн хагас нь ийшээ тэмүүлж нүүддэллэж байгаагаас харвал хамгийн хямдхан хот юм шиг, лангууны арын бараа бүтээгдэхүүн болоод хүнсний үнийг харьцуулаад үзэхээр өндөр хөгжилтэй зарим орнуудаас ч үнэтэй байгаад байдаг. Алс холын Говь-Алтай, Ховдод амьдарснаас хотод хүрээд ирэх нь илүү боломжтой байгаад байгаа хэрэг л дээ. Энэ хотыг үнэ цэнэгүй гэж хэлж байгаагийн учир нь ажилгүй, орлогогүй байсан ч амьдарч болоод байдаг. Агаарыг нь бохирдуулалцаад, архиа уугаад, хулгайгаа хийгээд, янхандаад ч хамаагүй амьдраад байх нөхцөл бүрдчихсэн. Харин ажил хийж, хөдөлмөрлөж байгаа хүнд амьдархад хэцүү. Хотын шийдвэр гаргагчид асуудлыг шууд улс төрийн аргаар шийдэх гэж зүтгэсээр байдлыг улам хүндрүүлж, үр дүнгүй хэдэн тэрбум төгрөгийг салхинд хийсгэлээ. Энэ бүх хүндрэлийг санхүүгийн аргаар, үнийн бодлогоор л хамгийн хурдан үр дүнтэй зохицуулж болно. Ажил орлоготой хүн амьдарч болохоор, харин ажилгүй орлогогүй бол нэг хоног ч энэ хотод байх боломжгүй тийм үнийн зохицуулалт хэрэгтэй. Хотод гурлын үйлдвэртэй байна гэвэл газрын төлбөр нь, ус цахилгаан, татвар зэрэг нь хөдөө орон нутагт гурлын үйлдвэртэй байхаас хэд дахин илүү үнэтэй байг. Шатахуун нь хотод арав дахин их үнэтэй, Ховдод 10 дахин хямдхан байг. Хотод үнэтэй зарсан үнийн зөрүүг хөдөө орон нутагт хямдхан шатахуун худалдаалах боломжийг бий болгоход ашиглах хэрэгтэй. Хотод байр худалдаж авснаас хөдөө орон нутагт байшин барих нь хэдэн арав дахин хямдхан байвал хотын төвлөрөл аяндаа багасна. Улс нь халамжийн бодлого явуулмагц хот нь дагаад халамжийн бодлого явуулдаг энэ байдлыг зогсоохгүй бол алгаа тоссон хүмүүсээр энэ хот дүүрлээ. Гэргүй гэж нэхэж байгаа гэр авчихна, хаа дуртай газраа бууна, цахилгаан бас л нэхэж байгаад татуулчихна, тараасан зуухнаас нь авчихна. Гаргасан утааг нь арилгана гэж хэдэн тэрбум төгрөг зарцуулна. Энэ яав ч зөв зохицуулалт биш. Хот гэдэг бол эдийн засаг бизнесийн үхэх сэхэхээ үздэг асар том талбар. Баялаг бүтээгчдээ ажил орлогогүй залхуу хойргочууд нь шимж амьдардаг байж таарахгүй.
- Хөдөө орон нутагт амьдрах боломж муу учраас л хүмүүс нүүдэллээд байгаа байх л даа.
- Хөдөө амьдрах орчин муу байгаа нь үнэн. УИХ, Засгийн Газрын төвшинд шийдэгдэх асуудал. Амьдрах орчин гэж юу хэлээд байна гэхээр тэнд эдийн засгийн ашиг орлоготой амьдрал бий болох уу үгүй юу гэдгийг хэлдэг. Хөдөөдөө дэлгүүр байгуулахад ашигтай байна уу, тэнд бизнес хийвэл ашигтай юу, тэнд амьдарвал сайхан амьдрах боломж бий эсэх хэдхэн үзүүлэлт хотрүү нүүх эсвэл үлдэх сонголтонд нөлөөлнө. Уг нь зүүн, баруун дунд гэсэн бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр батлагдсан шүү дээ. Үүнийхээ дагууд мянганы замыг тавьсан. Улаанбаатар хот хамгийн хямдхан бензинтэй, харин хөдөө орон нутагт алслагдах тусам хамаагүй илүү үнэтэй байгаа өнөөдрийн тогтолцоог халах ёстой. Орон нутгийн иргэдэд хүрч байгаа бүх үйлчилгээ үнэтэй, чанаргүй байгаа байдлыг эдийн засгийн арга ухаанаар хялбархан шийдэж болно.
- Улаанбаатар хотын хамгийн том асуудал бол мэдээж агаарын бохирдол. Энэ тал дээр арав гаруй тэрбум төгрөг зарцуулагдаж олон арга хэмжээ авсан нь үр дүнтэй үр дүнгүй гэсэн маргаантай байна. Асуудлыг шийдэх боломж бий юу?
- Хамгийн их хохирол учруулж буй утааны асуудлыг шийдэх миний бодлоор хэцүү биш. Утаа гаргасан айлаас нь 100 доллар аваад, утаа гаргаагүй айлд нь урамшуулал болгож 100 долларыг нь өгөөд байхад л хүн яаж утаа гаргахгүй дулаан байх вэ гэдэг арга замыг өөрөө эрэлхийлээд эхэлнэ. Орон гэрээ дулаан алдалтгүй болгохыг зорино цаашлаад орчин үед халаалтын ямар хямд бөгөөд утаагүй хувилбар байна гэдгийг хүн бүхэн судлана. Утаа гаргасан бол төл, гаргаагүй бол ав гэсэн зарчимтай байхад түлшээ худалдаж аваад дээр нь торгууль төлөхийг хэн ч хүсэхгүй нь ойлгомжтой. Зуухыг нь солиод түлшийг нь бэлдээд өглөө гээд үр дүн харагдахгүй байна. Хүмүүсийн хүсэл сонирхол дээр дөрөөлөөд эдийн засгийн нарийн ухаан гаргаж, нийслэлийн болон хотын хөгжлийг зохицуулах болохоос биш хий дэмий халамжилаад дэвшил гарахгүй байна. Өнөөдөр бид зам гээд л бухимдаж байна. Улаанбаатар хотын зам чанаргүй, эвдрэл ихтэй, түгжрэл их байна. Энэ их олон машиныг ямар стандартын ямар машин байхыг бүс бүсэд нь тохируулаад дүрэм гаргаад өгчих хэрэгтэй. Энхтайвны гүүрэн дээр таг гацаад зогсчихдог. Энэ гүүрний ачааллыг багасгахын тулд түр ашиглах гүүр зайлшгүй тавих хэрэгтэй. Нэг талын урсгалыг нарны зам руу, нөгөө талын урсгалыг танхимын замруу цэргийн маягийн түр гүүр тавьчихвал ачаалал үгүй болно. Дараагийн томоохон бүтээн байгуулатыг хүлээгээд л түгжрээд бухимдаад явж байхаар гэх мэтчилэн хотын зүгээс санаачлагатай ажиллахад олон бухимдалыг арилгаж болохоор харагддаг. Хөдөө явах хүмүүс хотоос гарах гэж түгжирч явсаар хамаг цагаа бардаг. Хотыг тойруулан тавьсан замтай бол хотын түгжрэлрүү орохгүй тойроод л гараад явчихна. Гэх мэтчилэн хотын оршин суугчдыг ая тухтай амьдруулах наад захын хэрэглээг хотын удирдлага санаачлан хийж өгөх ёстой.
- Гол нь хөрөнгө мөнгөний асуудал л байдаг байх л даа. Мөнгө байхгүй гэсэн л тайлбар тавьсан хүмүүс байдаг?
- Хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж болох олон арга зам байна. Жишээ нь хотыг татвартай болгох бүрэн эрх нь хотын удирдлагад байна. Бараа бүтээгдэхүүний үнэ дээр Улаанбаатар хотын татвар гээд 5 юм уу 7 хувь авахыг хэн байг гэсэн юм. Гурил будаа мах ногоо чихэр жимс гээд бүх бүтээгдэхүүнээс татвараа ав. Хотын иргэдийн хурал нь хуралдаад шийд л дээ. Үндсэн хуулиар эрхийг нь өгсөн шүү дээ. Ерөнхий сайд хотын дарга хоёр нь нэг нам. Сонгуулиас сонгууль хооронд амьдардаг болохоор улс төрийн нөхцөл байдлаас болоод зориг зүрхтэй ажлаа ч хийж чадахгүй байна. Улс нь халамжийн бодлого явуулахаар хот нь бас дуурайдаг. Ийм байж таарахгүй ээ. Хот бол эдийн засгийн аргаар сөрж амьдрах ёстой газар. Тэр тахир дутуу хүмүүс болоод нийгэмд мэдээж халамж зайлшгүй шаардагдах тодорхой хэсэг. Халамжийн бодлогыг шүүмжилж байгаа нь бүхэлд нь бус харин ажлын чадвартай, амьдрах тэмүүлэлгүй бүлгийн хүмүүсийг улам бүр давраагаад олшруулаад байгаад л харамсаж байгаа хэрэг. Харин хот бол цэвэр арилжааны эдийн засгийн талбар учраас хэн амьдрах чадвартай нь амьдраад чадахгүй нь тэр хөдөө орон нутагтаа очоод амьдраг. Улаанбаатар мөнгөгүй хүн л нэг ч хонож чадахааргүй тийм л төв болох ёстой. Тэгж байж энэ суурьшил саармагжина. Бусад газар нь харин амьдрах бүх нөхцөлөөр хангагдсан л байх ёстой. Шатахуун нь хэд дахин хямдхан, элдэв татвар нь хөнгөн, хотын иргэнээс түрүүлж хямдхан махаа иддэг, хотын иргэнээс хямд сүүгээ уудаг, түрүүлээд тэтгэвэртээ гардаг сургууль цэцэрлэг нь стандартын гэх зэргээр зохицуулбал асуудал хэдхэн жилийн дотор л шийдэгдэнэ. Энэ тийм толгой өвдөөд л хэдэн арван жил хотдоо хордоод бухимдаад суух асуудал биш. Төв аймаг, Налайх, Багануур дүүргүүдийг тордож Улаанбаатарын дагавар хотууд болгох хэрэгтэй. Эдгээр хотууддаа орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, 6% -ийн зээл олгох гэх мэт зохион байгуулалт хийх боломжтой. Нэг газар бөөгнүүлж байгаад л сонгуулиар санал авахаа нэн түрүүнд бодоод байж болохгүй.
-Улаанбаатар хот метротой болчихвол замын ачаалал биднийг зовоохгүй. Нийтийн тээврийн асуудлыг сайн шийдэж чадаагүйгээс л зам түгжрэл биднийг бухимдуулаад байна. Үүнийг яаж шийдвэл оновчтой гэж та харж байна?
- Ер нь бол том бүтээн байгуулалтаас айх хэрэггүй. Метро байна уу юу байна хамаагүй. Өнөөдрийн ядуу эдийн засгийн тооцоогоор бүх асуудалд хандаж болохгүй. Дэд бүтцийн том төслүүд дээр нь мөнгө босгох боломж байна уу үгүй л гэдэг асуудлын гол. Босгосон мөнгө нь эрүүл мэнд, боловсролын салбараасаа зулгаачихгүй гэх болгоомжлол байхаас том ажлуудыг бол айдасгүй хийх хэрэгтэй. Америк, Оросын жишээг харж байхад одоогийн гол том дэд бүтэцийн сууриуд нь хүйтэн дайны үед шийдэгдсэн байдаг. Тухайн үед эдийн засгийн ач холбогдол гэхээсээ илүүтэйгээр атомын бөмбөг дэлбэрвэл яах уу, улс орон гаднаас довтловол яах уу гээд л уул нүхлээд, далай гатлаад тавьсан том гүүр замууд өнөөдөр тэдгээр улсуудыг гол түшиц болсоор байна. Тэдгээр том бүтээн байгуулалтыг шийдэж хийхэд аюулгүй байдлаа хамгаалах айдас нь тухайн үеийн эдийн засгийн хохирлыг үл тооход хүргэсэн байдаг. Бид ч ялгаагүй. Оновчтой том бүтээн байгуулалт хийхэд айгаад хэрэггүй. Бид өнөөдрийн төсөвтөө тааруулаад амьдарна гэвэл урагшилахгүй. Бүтээн байгуулалтуудын үр шимийг бид өөрсдөө хүртэнэ гэхээс илүү үр хүүхэд, хойч үе хүртэх ёстой. Тиймээс бид 50 бүр 100 жилийн төлөвлөлт хийж эр зориг шаардсан оновчтой томоохон бүтээн байгуулалтуудыг хийх л хэрэгтэй. Манайх шиг сонгуулиас сонгууль хооронд амьдардаг хүмүүсээс тийм шийдвэр гарахгүй л дээ. Метро ч байна уу цахилгаан автобуснууд ч байна уу хэнд зориулагдах гээд байгаа юм тэр хүмүүсийнх нь мөнгөөр хийж болно. Улаанбаатар хот бонд эсвэл өөрийн гэсэн хувьцаа гаргаж болно. Гол нь гаргасан мөнгийг зөв зүйтэй зарцуулах тийм тунгалаг засаглал энэ хотод байна уу үгүй юу гэдэг чухал. Хотын иргэд өөрдсийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө мөнгө босгоно шүү дээ. Тиймээс энэ хотын даргыг иргэд нь сонгодог байх ёстой. Иргэдээсээ сонгогдсон хүн намын төлөө ажиллахгүй, иргэдийнхээ, хотынхоо төлөө л ажиллана. Нийтийн тээвэр, дэд бүтэц, цаашлаад цэцэрлэгжүүлэлт, усны асуудал гээд бүгд өөрсдийнх нь ая тухтай байдлыг хангах үүднээс хийгдэх болохоор иргэд мөнгөө өгнө.
- Улаанбаатар хотод тулгамддаг бас нэг асуудал нь усны нөөц болон ашиглалтын асуудал байдаг. Гүний усаа хайр гамгүй эргэн ашиглагдах нөхцөлгүй нь хайран санагддаг. Энэ тал дээр таны бодлоыг сонсьё.
- Гүний ус уу, урсгалын ус уу байгалийн ус ашиглаж байна уу гэдэг хэн нэгэн дугаар хорооны иргэн шүүгээд сууж байдаг ажил биш. Энэ салбарын эрдэмтэн судлаачдын ажил. Бид хамгийн түрүүн юу хийж чадах вэ гэвэл усаа үнэтэй л болгох хэрэгтэй. 1 төгрөг байгаа усаа 100 төгрөг л болго. Манай охин Лондонд сурдаг юм. Урсаж байгаа ус нь үнэтэй болохоор усанд орохдоо аль болох хурдан ордог гэнээ. Манайхан бол усанд орох гэж хэдэн цаг булхдаг, булхдаггүймаа гэхэд гамнах сэтгэлгээ байдаггүй. Тийм эдийн засгийн хүмүүжилтэй байж болохгүй ээ. Усаа гамна гэж хичнээн лоозогноод нэмэргүй. Хэтэвчтэй нь тооцоо хийгээд ирэхээр аяндаа аривч хямгач болоод эхлэнэ. Үнэ цэнэгүй юмыг ер нь хүн хайрлаж гамнадаггүй шүү дээ.
- Улаанбаатар хот дэндүү эмх замбараагүй хот. Энэ талаар?
- Эмх замбарааны тухай яривал их юм ярина. Хуучин хүүхдийн ордон байсны ар талд баахан ядуусын хороолол барих юм гэнэ. 30 хан метрийн цаана бараг зэрэгцээд өндөр зэрэглэлийн пентхаус барина гэнэ. Замын урд нь өндөр зэрэглэлийн гэх үнэтэй орон сууц, замын хойно нь хамгийн хямд өртөгөөр бий болох олон айлын орон сууц. Яаж ийм хоёр өөр өртөгт амьдрал зэрэгцэж оршиж чадах юм бэ. Ийм тэнэг шийдэлтэй хот байж болох уу. Хот бол өөрөө хөрөнгө шаардсан биш, менежмент шаардсан бүтэц. Эдийн засгийн их урсгал байгаа газар менежментийг нь зөв хийхэд л асуудал шийдэгдэнэ.
- Улс болгоны нийслэл өөрийн гэсэн өнгө төрхтэй байдаг. Манай нийслэлийн өнгө төрх ямар байгаасай гэж та хүсдэг вэ?
- Тухайн хотын өнгө төрх гэдэг байшин барилга нь ямар байна гэдгээр хэмжигддэг асуудал биш юм. Хотын өнгө төрх гэдэг тухайн үндэстэний соёлын, хөгжлийнх нь өнгө төрхийг хэлдэг гэж би ойлгодог. Байшин барилга нь ямар байна гэдгээс дүгнэлт хийх биш тэнд амьдарч байгаа хүмүүс нь ямар хүмүүжилтэй, ямар соёлтой, ямар хандлагатай гэдгээс л өнгө төрх бий болно. Миний яриад байгаа шиг үнэ цэнэтэй хот байгаад, тэр хотод амьдардаг эрүүл, өндөр цалин орлоготой, мэдлэг боловсролтой хүмүүс нь байхад л Улаанбаатар хотын өнгө төрх гэрэлтэй гэгээтэй харагдана.
Эх сурвалж: "Өдрийн сонин"
СЭТГЭГДЭЛ БИЧИХ