
Энэ сарын 9-20-ны өдрүүдэд Хятадын Чинхуандао хотод эмэгтэй боксчдын ДАШТ болно. Энэ тэмцээний 75, 51, 60 кг-ийн жинд эхний 8 байрт шалгарсан боксчдод Лондон-2012 олимпийн эрх олгох юм. Энэ тэмцээнд оролцох Монголын боксчид өнөөдөр урд хөршийг зорилоо. Эмэгтэй боксчдын ДАШТ-д ОУХМ Э.Ундрам бэртэл гэмтлийн улмаас оролцохгүй. Харин 48 кг-ийн жинд 2012 оны Азийн аварга, ОУХМ Т.Болортуул, 51-д ОУХМ М.Нандинцэцэг, 60 кг-д ОУХМ О.Сувд-Эрдэнэ, 64-д 2012 оны Азийн аварга, ОУХМ Э.Уянга нар өрсөлдөнө. Багийн дасгалжуулагчаар эмэгтэй боксын багийн ахлах дасгалжуулагч Л.Энхбаатар, дасгалжуулагч Н.Нармандах, багийн ахлагчаар АБХ-ны дэд ерөнхийлөгч, МОБХ-ны ерөнхийлөгч Ч.Ганзориг нар явжээ. Харин эрэгтэйчүүдийн боксын үндэсний шигшээ багийнхан Эрдэнэт хотод бэлтгэл хийж байгаад өчигдөр нийслэлд иржээ. Тэгвэл олимпийн эрх авсан МУГТ П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт, ОУХМ Б.Түвшинбат гэсэн 4 тамирчин ахлах дасгалжуулагч, МУГД Д.Ганзориг, дасгалжуулагч Э.Сайнбилэг, Ц.Амаржаргал нарын удирдлага доор Хабаровскийн нэрэмжит ОУ-ын тэмцээнд өрсөлдөхөөр мөн өнөөдөр өглөө эх орноосоо морджээ. Тэд 7 хоног хамтарсан бэлтгэл хийгээд 5-р сарын 15-20-ны өдрүүдэд болох Хабаровскийн тэмцээнд өрсөлдөнө. Мөн МОБХ-ноос энэ сарын 17-20-ны өдрүүдэд Ази тивийн хошой аварга Х.Алтанхуягийн нэрэмжит залуучуудын Улаанбаатар хотын нээлттэй тэмцээнийг зохион байгуулах ажээ. Харин МУГД н.Төмөрбатаагийн нэрэмжит ОУ-ын тэмцээн 5-р срын 26-30-ны хооронд Дорнод аймгийн Чойбалсан хотод болох ажээ.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ