
Залуу дуучин Ч.Сэлэнгийн "Аялуун" нэртэйгээр анхны бие даасан цомгийнхоо нээлтийг өнөөдөр хийлээ. Түүний цомог нь нийт есөн дуутай бөгөөд дан монгол ардын дуунаас бүрдэж байгаа аж.
Тухайлбал, "Аргагүй амраг", "Гандан уул", "Цэн цэнгийн баавар", "Цэвэр охин", "Солонго" зэрэг дуунууд багтжээ. "Аялуун" цомгийн хөгжмийн найруулгийг "Сонор" студийн Ө.Амараа, Б.Бат-Эрднэ /Аранзай/ нар, бичлэгийг нь "Анд" студи хийжээ. Мөн цомгийн дизайн болон хоёр дууныхаа клипийг “Лемон” студиэр хийлгэсэн байна.
Залуу дуучин Ч.Сэлэнгэ нь 2008 онд СУИС-ийг УГЖ, дуучин Ж.Насантогтохын удирдлага дор эстрадын дуулаачийн ангийг төгссөн аж. Тэрбээр энэ хугацаанд поп урсгалаар хэд хэдэн уран бүтээл хийгээд байсан юм. Түүний энэ удаагийн анхны цомгийн нээлтийн үеэр түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Поп урсгалаар дуулж, олны танил болсон. Яагаад ардын дууны цомог гаргахаар шийдсэн юм бэ?
-Дуучин хүн гэдэг өөрийгөө сорих ёстой. Хоёр жилийн өмнөөс ардын дууны хэд хэдэн уран бүтээлтэй болоод байсан. Тиймээс ардын дууны цомог гаргахаар шийдсэн.
- Ардын дуу дуулахад хэцүү байв уу, Ямар дууг дуулахад бэрхшээлтэй санагдаж байсан бэ?
-Зүрх сэтгэлээсээ дуулж байгаа болохоор хэцүү гээд бэрхшээх нь бага байсан ч ардын дуу өөрөө өнгө, нугалааг нь сайн гаргахгүй бол төгс болж чаддаггүй. Гэхдээ сайн багшийнхаа тусламжаар бүхнийг сайн хийж чадсан гэж бодож байна. Харин дөрвөд ардын бэсрэг дуу “Улаан торгон уут”-ыг дуулахад нилээн бэрхшээлтэй үе байсан. “Бүүвэйн дуу” нэртэй дууг дуулж байхдаа ээжийгээ бодоод уйлсан. Дууг зүрх сэтгэлээсээ дуулахад өөрийн эрхгүй уйлмаар болдог юм билээ.
Дараагийн уран бүтээлүүд тань ардын дуу байх уу?
-Сонсогчдоо удаан чилээхгүй ээ. Тун удахгүй поп урсгалаар дуулсан дуунууд бүхий цомгийнхоо нээлтийг хийхэд бэлэн болсон.

П.Наран
Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ