
УИХ-аас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот түүний иргэдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн хуулийг энэ сарын 3-ны өдөр баталсан. Энэ хуулиар НИТХ-ын сонгуулийн тов өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас гаргасан шийдвэр, НИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах, ялангуяа НИТХ-ын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх цаг хугацааны талаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ж.Батбаясгалан мэдээлэл хийлээ.
НИТХ-ын сонгуулийн санал авах өдөр УИХ-ын сонгуулийн санал авах өдөртэй зэрэг буюу 2012 оны зургаадугаар сарын 28-ны өдөр явагдана. Өнөөдөр үдээс хойш хуралдах НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тойрог байгуулж, мандат хуваарилах асуудлыг оруулж, маргааш болох НИТХ-ын ээлжит бус хурлаар уг асуудал шийдэгдэх аж. Нийслэл нийт 45 төлөөлөгчтэй. Шинэ хуулиар 45 төлөөлөгчийн 30 нь нийслэлийн нийт тойрогт, үлдсэн 15 нь намын жагсаалтаар буюу холимог системээр орж ирнэ. Тойргийг тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоонд нийцүүлж хуваарилна гэв.
Түүнчлэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай хэлээд одоогийн байдлаар 358 хэсгийн хороо байгуулагдсныг дуулгалаа. Хуулийн дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас хойш нийслэлд засаг захиргааны шилжилт хөдөлгөөн зогссон юм байна. Энэ удаагийн сонгууль шинэ хуулийн дагуу явагдах аж. Урьд өмнө нь НИТХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай тусад нь намар явуулдаг байсан бол энэ удаад УИХ-ын сонгуультай хамтатгаж явуулахаар болсон. Энэ нь зөвхөн нийслэлд төдийгүй Монгол улс анх удаа орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу НИТХ-д суух төлөөллөө УИХ-д суух төлөөлөлтэй хамтад нь сонгох юм. Нийслэлийн хэмжээнд 820 мянган сонгогч саналаа өгөх урьдчилсан тоог Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтын тухайд СЕХ-нд өгсөн нэрсийн жагсаалтаар явна гэв.
Мөн бичиг баримтын зөрчилтэй, хаясан гээсэн, 18 нас хүрээд иргэний үнэмлэхээ авч амжаагүй зэрэг шалтгаанаар 15 мянга гаруй иргэд НИТХ-ын сонгуульд оролцох боломтой эсэх нь тодорхойгүй байгаа аж. Эдгээр иргэд нь УИХ-ын сонгуульд оролцож байж, НИТХ-ын сонгуульд нэр дугуйлах эрхтэй бөгөөд яаралтай баталсан Сонгуулийн тухай шинэ хуулинд энэ асуудлыг хэрхэн шийдэх нь тодорхой тусгагдаагүй юм байна. Иймд сонгогчдийн сонгуульд оролцох эрхийг хангах асуудлаар ойрын хугацаанд зохицуулалт хийнэ гэлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ