“Танан Импекс” цувралыг тэргүүлж эхэллээ
2012 оны Спрайт супер лигийн аваргын төлөөх эхний тоглолтоо өнгөрсөн ням гаригт “Танан Импекс”, “ОТИС” багууд хийлээ. Тоглолтын эхний үеийг 27:22 харьцаатайгаар “ОТИС” баг тэргүүлсэн.Эхний үед “ОТИС” багаас Н.Нямдорж 9 оноо, М.Төрмөнх 7 оноо аван шилдэг байсан бол “Танан Импекс” багаас М.Дорждагва 7 оноо авч шилдэг нь байлаа. Тоглолтын 2 үед ч гэсэн “ОТИС” баг хамгаалалт болон довтолгоонд илүү байсан бөгөөд 55:47 харьцаатайгаар “ОТИС” баг мөн давамгайлсан. Тоглолтын 3 үеэс “Танан Импекс” багийн тоглолт сэргэж, ялангуяа Б.Мөнхболд, О.Ууганбаяр, Г.Ихбаяр, Г.Алтангэрэл, М.Дорждагва нарын хослол үр дүнтэй тоглолт үзүүлэн 3 үед 32 оноо аван улмаар 79:76 харьцаатайгаар “Танан Импекс” баг давамгайлсан. Шийдвэрлэх 4 үед “ОТИС” баг оноог ойртуулах гэж хичээж байсан ч довтолгоонуудаа амжилтгүй болгож, эргээд хамгаалалтан дээр алдаа гаргаж байснаар цувралын эхний тоглолтонд 105:89 харьцаатайгаар хожигдол хүлээлээ. Ингэснээр “Танан Импекс” баг цувралыг 1:0 харьцаатайгаар тэргүүлж эхэллээ. Тус тоглолтонд “Танан Импекс” багийн Б.Мөнхболд 23 оноо, 11 самбараас бөмбөг авч дабль дабль хийсэн байна. Тэрээр 23 онооны 9-ыг алсын зайнаас оновчтой довтолж багаасаа шилдэг тоглолт үзүүллээ. Түүнд М.Дорждагва 19 оноо, О.Ууганбаяр 17 оноо, Г.Ихбаяр 15 оноо, Г.Алтангэрэл 12 оноо авч тус хүргэлээ. Харин “ОТИС” багаас Н.Нямдорж 22 оноо, + 9 самбар, Б.Билгүүн 16 оноо,+11 самбар, М.Онон 15 оноо, +9 самбар авсан шилдэг байсан хэдий ч бусад тоглогч нар нь үүргээ хангалтгүй биелүүлснээс баг нь хожигдол хүлээлээ. Аваргын төлөөх хариу тоглолтууд энэ амралтын өдөр Тэмүүжин спорт зааланд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ