Азери эрийн андуурал
- Б.Наранбаатар-М.Магомедов нарын барилдааны талаар FILA-д зарга мэдүүлжээ -
Хельсинк хотноо болсон олимпийн эрхийн төлөө тэмцээний хагас шигшээ барилдаанд Монголын бөх Б.Наранбаатарт өвдөг шороодож, олимпийн эрхээс мултарсан Азербайжаны Махмуд Магомедовын талаарх мэдээлэл сонирхол татаж эхэллээ. Тэрээр нутгийнхаа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Миний сүүлийн хоёр учраа хэцүү өрсөлдөгчид байлаа. Румын улсын Андрей Дуковт би урьд нь Болгарын тэмцээнд ялагдаж байсан. Гэхдээ Монголын бөх надад хэцүү санагддаггүй юм, түүнтэй гурван удаа барилдахад ялагдаж үзээгүй. Үнэнийг хэлэхэд би өрсөлдөгчдөдөө биш, шүүгч нарт дийлдлээ. Барилдаанаа үргэлжлүүлмээр байсан ч шүүгч нарын тодорхойгүй шийдвэрээр байнга завсарлаж, тэр гурван оноо намайг баллачихлаа. Уур хүрснийг яана. Миний хувьд хөндлөнгөөс дэмжлэг хүлээгээгүй, зөвхөн ялахыг хүссэн. Шүүгч нар миний талд байсныг та харсан байх, тэдний хэсэг бүлэг удирдлага л намайг шударга бусаар шийтгэж орхилоо” гэжээ.
Тэр худлаа хэлсэн байна. Б.Наранбаатар Махмудтай 2008 оны хавар Улаанбаатарын дэвжээнд анх барилдахдаа дийлж байсан юм. Монгол-Дагестаны тэрхүү халз барилдаанд манай гавьяатыг тэгж бараагүй ч түүнээс хойш тогтмол ялж ирсэн нь үнэн билээ.
Хельсинкийн дэвжээнд болсон Наранбаатар-Магомедовын барилдааныг http://www.dartfish.tv/CollectionInfo.aspx?CR=p85865c41829-аас үзэж болно.
Азербайжаны бөхийн холбооныхон ч уг гомдлыг өөгшүүлсэн бололтой. Холбооны генсек, олимпийн зэрэглэлийн шүүгч Аждар Жафаров FILA-гийн тэргүүн Р.Мартинеттид далан булчирхайгаа тоочин хяналтын шүүгч нар үүнийг урьдаас төлөвлөн үйлдсэн гэж хардаад протест өгсөн аж. Ноён Мартинетти тэдний асуудлыг хүлээн авч хэн буруутай этгээдийг цээрлүүлэхээр амласан гэж тэр өгүүлсэн байна.
Азербайжаны чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Фирдовси Умудов ч бухимдлаа илэрхийлжээ. “Манай 55 кг-ийнхан дэлхий, Европоос тогтмол медаль зүүдэг. Зарим орон эрхгүй хоцорчих гээд байгаад шүүгч нар анхаарлаа хандууллаа. Махмудын гурван оноог тэд луйвардсан” гэсэн байна. Сануулахад Азербайжаны бөхчүүд 55 кг-аас бусад зургаан жинд олимпийн эрхээ халаасласан билээ.
Энэ дашрамд Оросын сонгомол бөхийнхөн түүхэндээ анх удаа бүтэн биш багаар оролцох болсондоо мөн гуниглаж байгаа аж. Тэдний 66 кг-ийнхан дөрвөн тэмцээнд дараалан дампуурчээ. Ялангуяа Хельсинкийн дэвжээнд Бээжингийн олимпийн аварга Ислам-бека Альбиев нь хүч үзээд ч барсангүй.
Б.Цагаанбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ