“Маамуу нааш ир” дахин мэндэллээ

img

Зууны шилдэг хүүхдийн дуу “Маамуу нааш ир” дууны 55 жилийн ой. Мөн Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравийн 85 насны ойд зориулан төгөлдөр хуурч Ами буюу С.Алимаа  уг бүтээлийг  төгөлдөр хуурийн гоцлол болгон, шинэлэг хувилбар, өвөрмөц найруулгатайгаар  тoглосон байна. Шинээр найруулан тоглосон клип нь үндсэндээ гурван өрнөл  хэсгээс бүтэж байгаа бөгөөд эхлэл хэсэгт бага насаа эргэн дурсаж бодлогшронгуй намуухан соло тоглолт байгаа бол өрнөл хэсэгтээ жазз хөгжмөөр эрч хүчтэй үргэлжлэх бөгөөд төгсгөл хэсэгт нь сонгодог өнгө аястай байхаар найруулан тавьжээ. Түүний энэхүү уран бүтээл олны хүртээл болж эхлэхээс өмнө Монголын томоохон уран бүтээлчид хөгжмийн зохиолчдоос сайн найруулга бүхий уран бүтээл болсон хэмээн магтаал сонсоод байгаа аж. Шинэхэн уран бүтээлийнхээ талаар төгөлдөр хуурч Ами “Өвөөгийнхөө зохиосон алдарт “Маамуу нааш ир” дууг анх зохиогдсон цагаас 55 жилийн дараа шинэлэг өнгө аястайгаар төгөлдөр хуураар тоглож мөн клиптэй болж сонсогчдодоо хүргэж байгаадаа баяртай байна” гэжээ. Төгөлдөр хуурыг гоцлол болгсноор хүүхдийн дуу гэлтгүй хүн бүр сонсож болно. Төгөлдөр хуураар гоцлон тоглосоноор “Маамуу нааш ир”-ийн аялгуу яаж хувирч бас баяжиж байгааг мэдрүүлэхийг уран бүтээлч зорисон аж. Шинэчлэн найруулсан төгөлдөр хуурын гоцлол болох уг бүтээлийн хөгжмийн найруулгыг Оки, клипний найруулагчаар Б.Чингүүний ”Сreative art group” ажиллажээ. Мөн Хөгжим бүжгийн коллежийн 3-4 дүгээр ангийн тодруулбал Сонгодог хөгжмийн ангийн 9 хүүхэд, жазз хөгжмийн 3 хүүхэд оролцон тоглосон байна. Дашрамд дурьдахад 55 жилийн өмнө “Маамуу нааш ир” дууг хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав зохиож байх мөчид түүний охин буюу төгөлдөр хуурч Амигийн ээж хажууд нь тоглож байхдаа хэнээр ч хэлүүлэлгүй өөрөө аяыг нь үргэлжлүүлэн дуулж эхэлсэн  бөгөөд  энэ цагаас та бидний бага наснаасаа эхлэн сонсож өссөн дуу болох “Маамуу нааш ир” мэндэлсэн түүхтэй аж.  Энэхүү уран бүтээлийг бүтээхэд “Талх чихэр” ХХК зэрэг компани дэмжин оролцсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sain bna
2011-10-18