
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газраас “Mining Mongolia-90” олон улсын нээлттэй чуулга уулзалтыг энэ сарын 9, 10-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулах гэж байгаа билээ. Үүний хүрээнд чуулганы эхний өдөр буюу энэ сарын 9-нд хэвлэлийн хурал болох бөгөөд Эрдэс, баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх болон бусад албаны хүмүүс оролцох аж.
Нээлттэй чуулганы үндсэн хуралдаан “Уул уурхайн салбарын бодлого, хууль эрхзүй, чиг хандлага”, “Хөрөнгө оруулалтын орчин, олон улсын хөрөнгийн зах зээл”, “Монголын уул уурхайн салбарын бүтээгдэхүүний зах зээл, өрсөлдөх чадвар”, “Байгаль орчин, техник технологи, дэд бүтэц, хүний нөөц” гэсэн хэсгүүдээс бүрдэж, энэ хүрээнд олны анхаарал татсан илтгэлүүдийг хүргэх юм.
Мөн Ашигт малтмалын боловсруулалт, Нүүрсний гүн боловсруулалтын судалгаа, үйлдвэрлэлийн өнөөгийн байдал ба тогтвортой хөгжлийн стратеги зэрэг сэдвийн хүрээнд салбар хуралдаанууд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ