Хонхорын ойролцоо зам тээврийн ноцтой осол гарлаа
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Хонхорын замд өнөөдөр 09.30 цаг орчимд авто замын ноцтой осол гарчээ. Ослын тухай мэдээллийн дагуу манай сурвалжлах хэсэг уг газарт очсон юм. Биднийг очиход Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай тасаг 105-ын аврагчид, Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч нар ослын газарт ажиллаж байлаа.
НОБГ-ын Шуурхай тасаг 105-ын аврагч, ахлах ахлагч С.Бямбацогтоос ослын талаар тодруулав.
2012 оны тавдугаар сарын 8-ний өдрийн 09.38 минутад Шуурхай удирдлагын төвд энэ ослын тухай дуудлага ирсэн. Бид ослын газарт 09.56 минутад ирэхэд Субару инфрайзи маркийн суудлын тэрэг замын хажууд онхолдсон байсан. Дотор нь 20 орчим насны таван залуу хүнд гэмтсэн байдалтай басан. Хоёр залуугийнх нь биеийн байдал маш муу байгаа. Гурван залууг нь дөнгөж сая ЯТТ-ын 103-аар Цэргийн госпиталь руу явуулаад байна. Тэднээс авсан мэдээлллээр машинд шахуулсан гэж байна. Яг ямар машин тэднийг шахсан талаар мэдээлэл өгөх ухаантай хүн одоохондоо алга. Жолооч нарт хандаж хэлэхэд автозамын хөдөлгөөнд оролцохдоо нэг нэгнийгээ хүндэлж хөдөлгөөнд оролцож байгаасай. Би нэг чадалтай, чансаатай машин унасан гэж давхих хэрэггүй. Магадгүй энэ залуучууд дөнгөж жолооны дамжаа төсгөөд явж байсан ч юм бил үү. Таван сайхан залууг эрүүл мэндээр нь хохироосон тэр жолооч одоо юу ч болоогүй юм шиг явж байгаа гэдэг нь харамсалтай санагдаж байна. Хэн хэн нь хариуцлагатай байх хэрэгтэй.
Ослын газарт ажиллаж буй Замын цагдаагийн ажилтны хэлснээр тус замд гардаг ослууд ихэвчлэн хурд хэтрүүлсэнээс болдог гэдгийг хэлж байсан. Ер нь Налайх, Дарханы замуудад гардаг зам тээврийн осол гэмтэл ихэвчлэн хурд хэтрүүлэн давхих, хөдөлгөөнд соёлгүй оролцох, нэг нэгийгээ хүндэтгэж харьцдаггүйгээс болдог гэдэг. Тиймээс жолооч зорчигчдын аюулгүй байдлыг хангах, шалтгааныг тогтоох, гэм буруутай этгээдийг илрүүлэх зорилгоор дээрх замуудыг камержуулах асуудлыг холбогдох албаныхан анхааралдаа авахад илүүдэхгүй болов уу.







П.Наран
Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ