
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Олны анхаарлын төвд байгаа энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн С.Оюунтай цөөн хором ярилцлаа.
-Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх хуулийн төслийг өнөөдөр байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. “Чайлко”-гийн байгуулсан гэрээ хүчин төгөлдөр болоход цөөхөн хоног үлдсэн байхад УИХ дээр уг хуулийн төслийг яагаад хэлэлцэлгүй хойшлуулаад байгаа юм бэ?
-Төрийн өмчийн оролцоотой “Чалко” компани “Саус гоби сэндс”-ийг худалдаж авч байна. Энэ компани өөрөө манай томоохон худалдан авагч орных. Энэ байдал ямар нэгэн байдлаар манай улсын эдийн засгийн чадавхи, өрсөлдөх чадварт нөлөөлнө. Тиймээс олон хүний анхаарлын төвд байх шиг байна. Олон улсад энэ талын зохицуулалтууд байдаг. Гадаадын хөрөнгө оруулалтыг ямар тохиолдолд хязгаарлах шаардлагатай вэ, ямар тохиолдолд тухайн орны өөрийнх нь эдийн засгийн чадавхи, өрсөлдөх чадварт нөлөөлөх вэ, нөлөөлөхөөр бол хязгаарлах, хориглох хууль, журмууд бий. Эдгээр жишгийн нэг нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүдийн өргөн барьсан Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль. Миний ойлгосноор энэ хуулийг хэлэлцээд батлавал нэлээд олон зүйл зохицуулагдаж, тодорхой хэмжээнд хязгаарлах боломжууд нэмэгдэнэ. Өнгөрсөн долоо хоногт энэ асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцэх гэтэл энэ сэдвээр Засгийн газрын байр суурийг аваагүй тул хойшлуулсан. Одоо Засгийн газар байр сууриа ирүүлсэн тул хэлэлцэхэд бэлэн болоод байх шиг байна. Уг нь энэ асуудлыг шуурхай хэлэлцээд явах шаардлага байсан. Харамсалтай нь тухайн үед энэ асуудал нь УИХ-ын тухай Дэгийн тухай хуулийг зөрчихөөр байсан юм.
-Хуулийн хугацаанд нь хэлэлцэж амжихгүй бол нүүрлэх аюулыг та юу гэж харж байна вэ?
-Худалдаж авч буй орон нь манай улсын гол худалдан авагч гэдэг нь иргэдийн маань санааг илүү зовоож байна. Экспортын гол бүтээгдэхүүний томоохон ордыг маань худалдан авагч талын төрийн өмчийн оролцоо давамгайлсан компани авна гэдэг зах зээлийн өрсөлдөөнөөс гадна ямар нэгэн байдлаар татаас, улс төрийн дэмжлэгээр дамжуулаад явбал эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнөөс гадуур олон асуудал үүснэ. Нүүрсний үнэ унагах, монополь үнэ тогтоох гээд олон аюул нүүрлэж болзошгүй болоод байгаа.
-Бусад улс оронд ийм эрсдэлээс сэргийлэх ямар зохицуулалтууд байдаг юм бэ?
-Миний сонссоноор Австралид Гадаадын хөрөнгө оруулалтыг хянах бие даасан байгууллага байдаг. Тэр байгууллага нь гадны байгууллагууд тодорхой хувь хэмжээгээ зарахад бие даасан байгууллагаар дамжуулан, улсын эдийн засгийн байдалд зах зээлийн үзүүлэлтэд нөлөөхгүй юм байна гэдгийг тогтоодог. Тухайн байгууллага Австралийн эдийн засгийн байдалд нөлөөлөх юм байна гэж үзвэл зөвшөөрөл өгөхгүй байх эрхтэй юм билээ. Мөн Америкийн шатахуун түгээх станциудыг хэдэн жилийн өмнө Хятадын компани худалдан авах гэхэд үүнийг нь Америкийн тал улсын эдийн засгийн үзүүлэлтүүдэд, зах зээлийн өрсөлдөөнд нөлөөлнө гээд үүнийг таслан зогсоож байсныг би санаж байна. Ийм жишээнүүд бий. Харамсалтай нь бид ийм нарийн зохицуулалт руу орж амжаагүй байхад маргаан дэгдлээ. Бид 1990-ээд оны эхээр бүх зүйл зах зээлийн зарчмаар явна. Бүгдийг хувьчилж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг бүгдийг дэмжинэ гэж нэг хэсэг явсан. Нөгөө хэсэг нь өр бүхнийг мэдэх ёстой гэдэг байсан. Уг нь эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх асуудлуудаа нарийн зохицуулалт хийх хэрэгтэй байсан. Аль нэг тал руугаа туйлширахгүй асуудалд хандах нь бидэнд хэрэгтэй. Энэ хуулийг хэлэлцээд баталвал нэлээд олон зүйл тодорхой болно байх.
-Геополитик талаас нь та энэ асуудлыг юу гэж харж байна вэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг бид татах ёстой гэдэг. Бид ямар хэмжээнд шүүлтүүр тавих ёстой юм бэ?
-Зах зээлийн бус зарчмаар үнийг буулгах, гадны төрийн өмчит компаниуд давамгайлбал эдийн засгаараа дамжиж улс төрийн нөлөө орж ирж болзошгүй гэсэн болгоомжлол байдаг. Олон улсад ийм тохиолдлуудад юун дээр анхаарах вэ, хязгаар тавих вэ гэсэн жишиг бий. Ерөнхий энэ жишгээр бид явах ёстой гэж үзэж байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ