
Малайзын нэр бүхий улстөрчид улсынхаа батлан хамгаалахын хэрэгцээнд Франц, Испаниас тус бүр нь 850 сая ам.долларын өртөг бүхий усанд шумбагч хоёр хөлөг онгоцыг худалдан авахдаа их хэмжээний авлигын асуудалд холбогдсон. Энэ нь уг хэргийн гол гэрч болох монгол бүсгүйг яаралтай устгахад хүрсэн гэдгийг Францын шүүхээс өчигдөр мэдэгдэж, гол буруутнуудыг нэрлэсэн аж. Өөрөөр хэлбэл, Малайзад амь насаа алдсан Ш.Алтантуяаг хөнөөсөн гэмт хэрэгт Ерөнхий сайд Нажиб Разакын оролцоо байсныг Францын шүүхээс үгүйсгээгүй байна. Тиймээс Ш.Алтантуяагийн хэрцгийгээр амь насаа алдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагааг дахин сэргээх бололтой.
Дашрамд дурдахад, уг хэрэгт Малайз улсын ерөнхий сайдын зөвлөх, улс төр судлаач Абдул Разак Багиндаг захиалгат аллага үйлдлүүлсэн гэж буруутгасан юм. Энэ хэргийг гардан гүйцэтгэсэн гэж тус улсын ахлах байцаагч Азилах Хадри, цагдаагийн офицер Сирүл Азхар Умар нарыг буруутнаар татсан юм.
39 настай Сирул Азхар Умар, 34 настай ахлах байцаагч Азила Хадри нарыг 2009 онд тус улсын Шах Аламын дээд шүүхээс Монголын иргэн Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн гэж шийдвэр гаргаж, ял оноож байсан юм. Тэгвэл цагдаагийн офицер Сирул Азхар Умарыг давж заалдах шатны шүүхэд хандахыг зөвшөөрчээ. Ингэснээр шүүх хурал хуваарийн дагуу энэ оны наймдугаар сарын 27-28-ны өдрүүдэд болох тов гарчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ