Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллана
Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай хоёр хотын хоорондын хэлэлцээрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, Эссэн хотын захирагч Р.Пасс нар гарын үсэг зуржээ. Монгол улс, ХБНГУ хоорондын түншлэл-найрсаг харилцаа түүний илэрхийлэл болсон 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын иж бүрэн түншлэлийн харилцааны тухай хамтарсан тунхаглал”-ыг үндэслэн энэхүү хэлэлцээрийг байгуулсан байна. Талууд түншлэлийн хүрээнд эмчилгээ, түргэн тусламжийн үйлчилгээний салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхээр болж байгаа юм. Уулзалтын өмнө Улаанбаатар хотын дарга Эссэн хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, Туул голын эко системийг хамгаалах үүднээс минж нутагшуулах гээд цөөнгүй салбарт Улаанбаатар хот ХБНГУ-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд одоо эрүүл мэндийн салбарт германы төслийг хэрэгжүүлснээр үйлчлүүлэгчдэд эмнэлэгийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх боломж улам нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа Улаанбаатар хотын дарга илэрхийсэн байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ