Монгол орны байгаль орчин, экосистемд ихээхэн хохирол учирж буйг Канкун хотноо ярилцаж байна
Мексикийн Канкун хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Бага хурал хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Дэлхийн 194 орны төлөөлөгчид оролцож буй тус бага хурлын Өндөр хэмжээний уулзалт энэ сарын 7-ны өдөр эхэлсэн. Өндөр хэмжээний уулзалтад 30 шахам орны төр, засгийн удирдагчид, 130 гаруй орны сайд, дэд сайд нар, мөн олон улсын байгууллагуудын дарга нар оролцож байна. Өндөр хэжээний уулзалтын нээлт дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн, Мексикийн Ерөнхийлөгч Ф.Калдерон нар үг хэлж дэлхийн уур амьсгал улам бүр эрчимтэй явагдаж, түүний үр дагавар болох байгалийн гамшигт үзэгдэл улс орнуудын нийгэм, эдийн засагт ноцтой хор уршиг учруулж, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дүрвэгсдийн тоо улам бүр нэмэгдэж буйг хэлж, улс орнуудын удирдагчид, сайд нарт уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудыг шийдвэрлэх талаар улс төрийн зоригтой алхам хийж, Канкуны уулзалтаас тодорхой шийдвэр гаргахыг уриалаад байна. Өндөр хэмжээний уулзалтад Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх оролцож уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, хөгжиж буй бусад орны нэгэн адил Монгол оронд уур амьсгалын өөрчлөлт байгаль орчин, экосистем, нийгэм эдийн засагт хүчтэй нөлөөлж, ган, зуд, цөлжилт улам эрчимжин, улс орны тогтвортой хөгжилд ихээхэн хохирол учруулж байгааг тэмдэглээд, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учирч буй саад бэрхшээлийг даван туулахад нь хөгжиж буй орнуудад шаардлагатай байгаа техник технологи, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд Канкуны Бага хурал чухал үүрэгтэйг хэллээ. Тус уулзалтын үеэр Л.Гансүх сайд Бутаны Вант Улс, БНХАУ, БНСУ, БНТУ-ын сайд нартай уулзаж хоёр талын хамтын ажиллагаа болон тус Бага хурлаар хэлэлцэж буй асуудлуудын талаар санал солилцов. Өндөр хэмжээний уулзалттай зэрэгцэн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх яриа хэлэлцээ үргэлжилж байна. Одоогийн байдлаар улс орнууд дасан зохицох, санхүүжүүлэх, технологи нэвтрүүлэх зэрэг асуудлаар урьдчилсан тохиролцоонд хүрч энэ талаар Бага хурлаас эцэслэн гаргах шийдвэрийн төслийг хэлэлцэж буй. Харин Киотогийн протоколыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад өндөр хөгжилтэй орнуудын цаашид хүлээх үүргийн талаар талууд санал зөрөлдөөнтэй хэвээр байна. Тухайлбал, Канад Улс, Япон Улс, ОХУ Киотогийн протоколын хүрээнд шинэ үүрэг хүлээхгүй гэв. АНУ Киотогийн протоколд өнөө хүртэл нэгдээгүй байгаа билээ. Латин Америкийн зарим орон хэрвээ дээрх орнууд Киотогийн протоколын хүрээнд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар шинээр үүрэг авахгүй бол өөр бусад асуудлаар байгуулах гэрээ хэлэлцээрт нэгдэхгүй хэмээн мэдэгдээд байна. Өндөр хэмжээний уулзалт болон уур амьсгалын өөрчлөлтийн талаарх яриа хэлэлцээ үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ