
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан “Итгэлийн гэгээ” хэмээх тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
Уг тоглолтонд Монгол Улсын Морин хуурын чуулга, Японы үндэсний дуучид хөгжимчид, бүжигчид мөн Японы уламжлалт үндэсний бүжгийн нэрт төлөөлөгч, МУСТА Азүма Канхо, МУ-ын хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н. Жанцанноров, Морин хуурын чуулгын уран сайхны удирдаач Ц. Батчулуун нар оролцох аж.
Өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-ны өдрийн Японы зүүн бүс нутагт тохиолдсон байгалийн гамшгийг гол сэдвээ болгон хоёр орны ард түмний найрсаг харилцаа холбоог улам гүнзгий дүрслэн харуулахыг хичээсэн бөгөөд ХБК-ийн бүжгийн тэнхимийн багш СТА А.Хосбаярын удирдлаган дор суралцдаг оюутнууд оролцох юм байна.
Дашрамд дуулгахад, бүжигчин Азүма Канхогийн дэглэсэн Япон үндэсний бүжгийг СУИС-ын оюутнууд бүжиглэх ажээ. Тоглолт энэ сарын 10-нд 18.30 цагт СТӨ-нд болно.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ